3 ДУГААР САРААС ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СТАНДАРТАД ХЯНАЛТ ТАВИНА

2024.02.14
Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажлын хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газар, "Хэнтийн манлайлагч залуус" ТББ-тай гэрээ байгуулж ирэх 3 дугаар сараас эхлэн төрийн байгууллагын үйлчилгээний стандартад хяналт тавихаар боллоо.
Тодруулбал аймгийн Засаг даргын 2021 оны “Байгууллагын үйлчилгээний стандартын загвар батлах тухай” А/11 дүгээр захирамжийн дагуу Төрийн байгууллагын үйлчилгээний стандартын хэрэгжилтийн нөхцөл байдалд шинжилгээ хийж, үйлчилгээний стандартыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлоход хяналт, үнэлгээний зорилго оршиж байгаа юм.
Хяналт, үнэлгээг “Төрийн байгууллагын үйлчилгээний стандарт”-ыг баталсан аль ч байгууллагад урьдчилан мэдэгдсэн эсэхээс үл хамааран үйлчилгээ авах явц, ерөнхий нөхцөл байдал, хэрэгжүүлж байгаа үйл явцыг ажиглах, баримтжуулах, иргэдээс санал асуулга авах, холбогдох баримт бичигтэй танилцаж, баримтыг гаргуулан авах, дүрс бичлэг хийх зэрэг аргачлалаар явуулах аж.
Тус ТББ-аас байгууллагын үйлчилгээний стандартын хэрэгжилтийг үнэлсэн тухай мэдээллийг байгууллагын дарга нарын шуурхай хуралдаанд тогтмол танилцуулах юм. Ингэснээр байгууллагууд үйлчилгээнийхээ стандартыг тогтмол мөрдөж хэвших бөгөөд үүний үр дүнд иргэдэд хүрэх төрийн үйлчилгээ сайжирна гэж үзэж байгаа юм. Хяналт шалгалтыг дараах нэр бүхий 20 байгууллагад явуулна. Үүнд:
1. Байгаль орчин, аялал жуулчлалын газар
2. Биеийн тамир, спортын газар
3. Боловсрол, шинжлэх ухааны газар
4. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар
5. Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар
6. Мал эмнэлгийн газар
7. Нийгмийн даатгалын газар
8. Орон нутгийн өмчийн газар
9. Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба
10. Соёл, урлагийн газар
11. Стандарт, хэмжил зүйн хэлтэс
12. Статистикийн хэлтэс
13. Татварын газар
14. Улсын бүртгэлийн хэлтэс
15. Ус, цаг уур, орчны шинжилгээний төв
16. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар
17. Хүнс, хөдөө аж ахуйн газар
18. Эрүүл мэндийн газар
19. Эрүүл мэндийн даатгалын хэлтэс
20. Авто тээврийн төв