Мэдээ мэдээлэл
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН НИЙГМИЙН АСУУДЛЫГ ШИЙДЭХ ЗОРИЛГООР “АСУУДЛААС ШИЙДЭЛД” АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛНЭ
2024.02.07
Хэнтий аймгийн хэмжээнд 4500 гаруй төрийн албан хаагчид байдаг. Эдгээр албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хуулийн мэдлэгийг нь дээшлүүлэх зорилгоор аймгийн ЗДТГ-аас “Асуудлаас шийдэлд” арга хэмжээг энэ онд хэрэгжүүлнэ.
Тодруулбал хууль эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор 14 хоногт 1 удаа “1 цаг нэмэх цэнэг” цахим сургалтыг мэргэжлийн багш нартай хамтран явуулж төрийн бүх албан хаагчдыг хамруулах бөгөөд сургалтаар олж авсан мэдлэгийг бататгах зорилгоор хагас болон бүтэн жилээр шалгалт авч гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээнд тусгана.
Мөн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын дунд “Шилдэг залуу офицер, ахлагч” шалгаруулах тэмцээн зохион байгуулж, шилдэг 5 албан хаагчид 5-10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх бол төрийн захиргааны албан хаагчдын дунд “Асуудлаас шийдэлд” уралдаанд зохион байгуулах юм. Энэхүү 2 тэмцээний удирдамжид байгууллага дээрээ тулгамдсан асуудлыг тодорхойлох, түүнийгээ шийдэх арга замыг туршиж үр дүнд хүрсэн байх шалгуур тавихаас гадна байгууллага бүр 1 албан хаагчийнхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн байхыг тусгана. Ингэснээр төрийн 187 байгууллага үйл ажиллагаандаа тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, түүнийгээ шийдэх, мөн 187 албан хаагчийн нийгмийн асуудал шийдэгдэнэ гэж үзэж байгаа юм.
Түүнчлэн төрийн бүх байгууллагуудын дунд 4 төрөлд спортын тэмцээн зохион байгуулж, төрийн албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэхэд уриалахаар тус тус төлөвлөжээ.
Өнгөрсөн жилийн хувьд шилдэг багш, шилдэг сувилагч уралдааныг зарлаж 5-15 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн бол энэ жилийн хувьд хуулийн байгууллага, төрийн захиргааны байгууллагын албан хаагчид руу чиглэж байгаа юм.