БНХАУ-ЫН НАНЖИН ХОТЫН УРИЛГААР ХАН ХЭНТИЙ ЧУУЛГЫН УРАН БҮТЭЭЛЧИД ТУС ХОТОД ТОГЛОЛТОО ТОЛИЛУУЛНА

2024.02.05
Өнгөрөгч 2022 онд Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, БНХАУ-ын Нанжин хотын захирагч Шиа Синьмин нарын хооронд аялал жуулчлал, эдийн засаг, худалдаа, соёл боловсрол, спортын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулсан.
Энэхүү санамж бичгийн хүрээнд өнөөдөр тус хотын ЗДТГ болон Соёл урлаг аялал жуулчлалын асуудал хариуцсан хэлтсийн дарга нар Хэнтий аймагт хүрэлцэн ирж АЗДТГ-ын дарга Ж.Гантулга болон холбогдох хэлтсийн дарга нартай уулзалт хийлээ.
Нанжин хот нь Хятад улсын дорнод нутаг, Хөх мөрний өмнөд эрэгт байдаг, эртний их түүхтэй, 8 сая оршин суугчтай хот юм. Тус хотод гадаад дотоод худалдаа, банк санхүүгийн салбар маш эрчимтэй хөгжиж, бүс нутгийн хэмжээний бизнес, эдийн засаг, худалдааны том төв болж өргөжиж чадсан төдийгүй орчин үеийн цахим техник, цахилгаан эрчим хүч, нефть, нэхмэл сүлжмэл, хүнс, барилгын материалын үйлдвэрийн төв цэг болжээ.
Уулзалтын хүрээнд эхний ээлжид төрийн албан хаагчдыг туршлага судлуулах, сургалтад хамруулах, Хан Хэнтий чуулгын уран бүтээлчдийн тоглолтыг тус хотын иргэдэд толилуулахаар харилцан тохиролцлоо.