МӨРӨН СУМААС ТОДОРСОН АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН, АВАРГА ТАРИАЛАНЧИД ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА

2024.02.05
XVII жарны “Модон луу” жилийн сар шинийн босгон дээр Хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, улс нийгэмдээ үнэтэй хувь нэмрээ оруулж яваа Мөрөн сумын малчин, тариаланч өрхөд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав аймгийн аварга малчин, аймгийн аварга тариаланч цол тэмдгийг гардууллаа.
Тодруулбал Чандган багийн малчин Бадамхандын Батхуяг, Зөөлөн багийн малчин Батхуягийн Эрдэнэбаяр, Зөөлөн багийн малчин Очирдагвын Эрдэнэсүх нар “Аймгийн аварга малчин” болсон бол Мөрөн сумын ногоочин Чойжилын Эрдэнэсувд “Аймгийн аварга тариаланч” боллоо.
Аймгийн аварга тариаланч Чойжилын Эрдэнэсувд нь газар тариалангийн салбарт 43 жил ажиллаж өөрийн тарьж ургуулсан хүнсний ногоогоор өрхийн хэрэгцээгээ хангахын зэрэгцээ, худалдан борлуулж, иргэдийг эх орныхоо хөрсөнд тарьж ургуулсан эрүүл хүнсээр хангаж байна. Тэрбээр 2023 онд 0,2 га-д төмс, 0,6 га-д хүнсний ногоо тариалж, 13,4 тн ургац хураан авчээ.
“Аймгийн аварга малчин” Бадамхандын Батхуяг нь 33 дахь жилдээ мал маллаж байна. Нийт 1393 тоо толгой малтай, 100 эхээс 100-109.2 хувь төл бойжуулж, 1 өрхийг 217 малаар малжуулжээ. Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж 2017 онд ХАА-н “Тэргүүний ажилтан”, 2018 онд "Сумын аварга малчин”-аар шалгарч байжээ.
“Аймгийн аварга малчин” Батхуягийн Эрдэнэбаяр нь 17 дахь жилдээ мал маллаж байна. Нийт 2058 тоо толгой малтай, 100 эхээс 100-107.9 хувь төл бойжуулж, 1 өрхийг 552 малаар малжуулжээ. Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж 2019 онд ХАА-н “Тэргүүний ажилтан”, 2021 онд "Сумын аварга малчин”-аар шалгарч байжээ.
“Аймгийн аварга малчин” Очирдагвын Эрдэнэсүх нь 32 дахь жилдээ мал маллаж байна. Нийт 1082 тоо толгой малтай, 100 эхээс 100 хувь төл бойжуулж, 1 өрхийг 101 малаар малжуулжээ. Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж 2020 онд ХАА-н “Тэргүүний ажилтан”, 2020 онд "Сумын аварга малчин”-аар шалгарч байжээ.