БИНДЭР СУМААС ТОДОРСОН АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН, АВАРГА СААЛЬЧИНД ЦОЛ ТЭМДЭГ, ШАГНАЛЫГ НЬ ГАРДУУЛЛАА

2024.02.05
Биндэр сумын Баянгол багийн малчин Дашийн Цогтбаатар, Баян-Өндөр багийн малчин Чулуунбаатарын Мөрөнсайхан нарын гэр бүл "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн босгон дээр "Аймгийн аварга малчин" өрхөөр , Мандалхаан багийн саальчин Бямбасүрэнгийн Байгальмаа "Аймгийн аварга саальчин"-аар тодорч өнөөдөр цол тэмдэг, шагналаа гардан авлаа.
Шагналыг аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан гардуулж баяр хүргэлээ.
Д.Цогтбаатар нь 28 дахь жилдээ мал аж ахуй эрхэлж байгаа бөгөөд 2020 онд "Сумын аварга малчин" цол хүртэж амжилтаа ахиулан "Аймгийн аварга малчин" цол хүртэж байна.
Харин Ч.Мөрөнсайхан нь 31 дэх жилдээ мал аж ахуй эрхэлж байгаа бөгөөд 2021 онд "Сумын аварга малчин" цол хүртсэн байна. Малын тоо бус чанарт анхааран түүнээс гарах үр ашиг шимийг нэмэгдүүлж амжилтаа ахиулсаар ийнхүү "Аймгийн аварга малчин" цол хүртэж буй аж.
Аймгийн аварга саальчин Б.Байгалмаа нь 30 дахь жилдээ мал аж ахуй эрхэлж байгаа бөгөөд жилд нэг үнээнээс 810 литр нийтдээ 15.4 мянган литр сүү сааж 27.7 тонн цагаан идээ бэлтгэсэн байна.
Мал аж ахуйн салбарт бусдыгаа хошуучлан "Аймгийн аварга малчин", "Аймгийн аварга саальчин" цол хүртсэнд баяр хүргэж сайн сайхан бүхнийг хүсье.