БАТШИРЭЭТ СУМААС ТОДОРСОН АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН, АВАРГА СААЛЬЧИНД ЦОЛ ТЭМДЭГ, ШАГНАЛЫГ НЬ ГАРДУУЛЛАА

2024.02.05
Батширээт сумын Онон багийн малчин Суурьтын Ренчинцогт, Хурх багийн малчин Батжаргалын Аюурзана нарын гэр бүл "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн босгон дээр "Аймгийн аварга малчин" өрхөөр , Онон багийн саальчин Долгоржавын Одонтуяа "Аймгийн аварга саальчин"-аар тодорч өнөөдөр цол тэмдэг, шагналаа гардан авлаа.
Шагналыг аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан гардуулж баяр хүргэлээ.
С.Ренчинцогт нь 27 дахь жилдээ мал аж ахуй эрхэлж байгаа бөгөөд 2017 онд "Сумын аварга малчин" цол хүртэж амжилтаа ахиулан "Аймгийн аварга малчин" цол хүртэж байна.
Харин Б.Аюурзана нь 19 дэх жилдээ мал аж ахуй эрхэлж байгаа бөгөөд 2021 онд "Сумын аварга малчин" цол хүртсэн байна. Малын тоо бус чанарт анхааран түүнээс гарах үр ашиг шимийг нэмэгдүүлж амжилтаа ахиулсаар ийнхүү "Аймгийн аварга малчин" цол хүртэж буй аж.
Аймгийн аварга саальчин Д.Одонтуяа нь 27 дахь жилдээ мал аж ахуй эрхэлж байгаа бөгөөд жилд нэг үнээнээс 600 литр сүү сааж 3.8-4.2 тонн цагаан идээ бэлтгэсэн байна.
Мал аж ахуйн салбарт бусдыгаа хошуучлан "Аймгийн аварга малчин", "Аймгийн аварга саальчин" цол хүртсэнд баяр хүргэж сайн сайхан бүхнийг хүсье.