НОРОВЛИН СУМААС АНХ УДАА МОНГОЛ УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН ТОДОРЛОО

2024.02.04
XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн босгон дээр Монгол Улсын хэмжээнд 18 малчин өрх Улсын хошой аваргаар тодорсны нэг нь Хэнтий аймгийн Норовлин сумын Ангирт багийн малчин Сэнгээгийн Энхбаатар, Д.Чулуунцэцэг нар юм.
Хошой аварга С.Энхбаатар нь 1979-1992 онд Норовлин сумын “Хамтын хүч” нэгдэлд, 1992 оноос өдгөөг хүртэл хувиараа мал аж ахуй эрхэлж байна. Тэрбээр 1991, 1994 онд Аймгийн аварга малчин, 2016 онд Улсын аварга малчин болж, амжилтаа ахиулсаар өдгөө МОНГОЛ УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН хэмээх эрхэм алдрыг хүртэж буй нь энэ билээ. Гэргий болох Д.Чулуунцэцэгийн хамт өнгөрсөн оны эцэст 2024 толгой мал тоолуулсан бөгөөд сүрэгт эзлэх хээлтэгчийг 43.1 хувиар нэмэгдүүлж, нийгмийн хариуцлагын хүрээнд таван өрхийг 2400 гаруй толгой малаар малжуулжээ. Түүнчлэн 352 толгой малаа үржилд худалдаж, өвөлжилтийн бэлтгэл хангах зорилгоор 226 тонн өвс бэлтгэсэн байна.
С.Энхбаатар нь мал аж ахуйн салбарт эрдэм мэдлэгтэйгээс гадна “Норовлин сумын Алдарт малчид”, “Хэнтий аймгийн Алдарт малчид”, “Монгол Улсын Алдарт малчид” хэмээх гурван боть номыг эмхэтгэсэн юм. Тэрбээр малчны хотондоо 3000 гаруй ном бүхий номын сантай. Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баярт зориулан “Хэнтий аймгийн Алдарт малчид” номынхоо дээжээс хандив өргөсөн билээ. С.Энхбаатар, Д.Чулуунцэцэг сумынхаа 100 жилийн ойн босгон мөн Норовлин сумын анхы Улсын хошой аварга малчин өрхөөр тодорч байна.
Мал аж ахуйн салбарт бусдыгаа хошуучлан, Улсын хошой аварга малчин өрхөөр тодорсон танай гэр бүлд аз жаргал сайн сайхныг хүсье.