БАЯНМӨНХ СУМЫН МАЛЧИН Б.БАТ-ЭРДЭНЭ, П.БАЙГАЛЬМАА НАРТ “УЛСЫН АВАРГА МАЛЧИН”-Ы ЦОЛ ТЭМДЭГ, ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА

2024.02.04
Баянмөнх сумын Баянбулаг багийн малчин Бадгарын Бат-Эрдэнэ, Пүрэвийн Байгальмаа нарын гэр бүл XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн босгон дээр “Монгол Улсын аварга малчин өрх”-өөр шалгарч өнөөдөр цол тэмдэг, шагналаа гардлаа. Шагналыг УИХ-ын гишүүн Б.Бат-эрдэнэ, аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан, Хүнс, Хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Энх-Амгалан нар өнөөдөр гардуулав.
Б.Бат-эрдэнэ нь 1988 оноос буюу өдгөө 36 дахь жилдээ мал аж ахуй эрхэлж байгаа бөгөөд 2021 онд “Аймгийн аварга малчин”-аар тодорч байсан бол амжилтаа ахиулсаар “Улсын аварга малчин” хэмээх эрхэм алдрыг хүртээд байна.
Тэрбээр өнгөрсөн оны эцэст 1815 толгой мал тоолуулсан бөгөөд сүрэгт эзлэх хээлтэгчийг 43.4 хувиар нэмэгдүүлж, нийгмийн хариуцлагын хүрээнд найман өрхийг 1639 толгой малаар малжуулжээ. Түүнчлэн 797 толгой малаа үржилд худалдаж өвөлжилтийн бэлтгэл хангах зорилгоор 296.5 тонн өвс бэлтгэсэн байна.
Мал аж ахуйн салбарт бусдыгаа хошуучлан, Улсын аварга малчин өрхөөр тодорсон танай гэр бүлд аз жаргал сайн сайхныг хүсье.