УЛСЫН АВАРГА МАЛЧИН Г.ДАМДИНПҮРЭВ, Б.БОЛОРТУЯА НАРТ ШАГНАЛЫГ НЬ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

2024.02.03
Хөхөө өвлийн жавар уярч, хөр цас нимгэрч, төлийн дуутай хамт хавар цагийн дохио ирсэн эдгээр өдрүүдэд Хэнтий аймгаас Улсын аварга малчин, тариаланч, Алтан төлийн эзэн болсон аварга, сайчууддаа шагналыг нь гардуулж байна.
Баян-Адрага сумын Сайхан багаар нутагтай сайн малчин Г.Дамдинпүрэв, Б.Болортуяа нар XVII жарны хөх луу жилийн босгон дээр 30 гаруй жилийн хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж, “Улсын аварга малчин”-аар шалгарч өнөөдөр шагналыг нь УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав нар гардуулан өглөө.
Г.Дамдинпүрэв 1995 оноос хойш бие даан мал маллаж, 2023 оны жилийн эцэст 3898 мал тоолуулсан бөгөөд сүүлийн гурван жилийн хугацаанд 4 өрхийг 1629 тооны малаар малжуулжээ. Тэрбээр, 2016 онд Сумын сайн малчин, 2018 онд ХХААХҮЯ-ны “Жуух бичиг”-ээр, 2020 онд аймгийн аварга малчин болж, өнөөдөр ийнхүү Улсын аварга малчин боллоо.
Гэрийн эзэгтэй Б.Болортуяагийн өвөө Д.Ёндон 1965 онд БНМАУ-ын аварга малчин болсон. Өвөөгийнхөө гал зээ нь аварга малчин боллоо хэмээж ээж, аав нь бэлгэшээж талархал дэвшүүллээ.
Баян-Адрага суманд 1992 оноос хойш Улсын аварга малчин гурав төрсөн бөгөөд өнөөдөр шинэ аваргууд Засгийн газрын батламж бүхий шагналаа авснаар аваргуудын үүх түүх нэмэгдэж байна.
Аварга малчдадаа баяр хүргэе.