ЦЭНХЭРМАНДАЛ СУМЫН МАЛЧИН ЖАМЪЯНСҮРЭНГИЙН ДАВААЖАВД “УЛСЫН АВАРГА МАЛЧИН”-Ы ЦОЛ ТЭМДЭГ, ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА

2024.02.03
Цэнхэрмандал сумын Нугаар багийн малчин Жамъянсүрэнгийн Даваажав сар шинийн босгон дээр “Улсын аварга малчин”-аар тодорлоо. Шагналыг УИХ-ын гишүүн Б.Бат-эрдэнэ, аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан, Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Энх-Амгалан нар өнөөдөр гардуулав.
Ж.Даваажав нь 40 дэх жилдээ мал аж ахуй эрхэлж байгаа бөгөөд 2020 онд “Аймгийн аварга малчин”-аар тодорч өдгөө амжилтаа ахиулан “Улсын аварга малчин”-аар тодорч байна.
Тэрбээр өнгөрсөн оны эцэст 1043 толгой мал тоолуулсан бөгөөд сүрэгт эзлэх хээлтэгчийг 32.2-39.5 хувиар нэмэгдүүлж, нийгмийн хариуцлагын хүрээнд долоон өрхийг 232 толгой малаар малжуулжээ. Түүнчлэн 220 толгой малаа үржилд худалдаж өвөлжилтийн бэлтгэл хангах зорилгоор 240 тонн өвс бэлтгэсэн байна.
Мал аж ахуйн салбарт бусдыгаа хошуучлан, Улсын аварга малчин өрхөөр тодорсон танай гэр бүлд аз жаргал сайн сайхныг хүсье.