ДЭЛГЭРХААН СУМЫН МАЛЧИН МИНЖҮҮРИЙН АМГАЛАНБААТАР, ДАНДАРЫН НАРАНГЭРЭЛ НАРТ “УЛСЫН АВАРГА МАЛЧИН”-Ы ЦОЛ ТЭМДЭГ, ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА

2024.02.03
Модон луу жилийн босгон дээр Дэлгэрхаан сумын Баянхаан багийн малчин Минжүүрийн Амгаланбаатар, Дандарын Нарангэрэл нар “Улсын аварга малчин”-аар тодорч цол тэмдэг, шагналаа гардлаа. Шагналыг УИХ-ын гишүүн Б.Бат-эрдэнэ, аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан, Хүнс, Хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Энх-Амгалан нар өнөөдөр гардуулав.
М.Амгаланбаатар, Д.Нарангэрэл нар нь 27 дахь жилдээ мал аж ахуй эрхэлж байгаа бөгөөд 2016 онд “Аймгийн аварга малчин”, 2021 онд “Алтан тугал”-ын эзнээр тодорч байсан билээ.
Тэрбээр өнгөрсөн оны эцэст 1030 толгой мал тоолуулсан бөгөөд сүрэгт эзлэх хээлтэгчийг 36.8 хувиар нэмэгдүүлж, нийгмийн хариуцлагын хүрээнд есөн өрхийг 658 толгой малаар малжуулжээ. Түүнчлэн 377 толгой малаа үржилд худалдаж өвөлжилтийн бэлтгэл хангах зорилгоор 67 тонн өвс бэлтгэсэн байна.
Мал аж ахуйн салбарт бусдыгаа хошуучлан, Улсын аварга малчин өрхөөр тодорсон танай гэр бүлд аз жаргал сайн сайхныг хүсье.