ӨМНӨДЭЛГЭР СУМЫН МАЛЧИН Л.ӨЛЗИЙХУТАГ, Ц.ИШХАНД НАРТ “УЛСЫН АВАРГА МАЛЧИН"-НЫ ЦОЛ ТЭМДЭГ, ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА

2024.02.03
Өмнөдэлгэр сумын Талын булаг багийн малчин Лувсанжанживын Өлзийхутаг, Ц.Ишханд нар “Хилэнт эх” хэмээх модон луу жил, сар шинийн босгон дээр “Улсын аварга малчин”ю өрх"-өөр тодорсон билээ. Тэгвэл өнөөдөр Улсын аварга малчны цол тэмдэг, шагналыг УИХ-ын гишүүн Б.Бат-эрдэнэ, аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан, Хүнс, Хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Энх-Амгалан нар өнөөдөр гардуулан өглөө.
Л.Өлзийхутаг нь 55 дахь жилдээ мал аж ахуй эрхэлж байгаа бөгөөд малын тоо биш чанарыг чухалчилж, малынхаа тарга тэвээрэг, ашиг шимийг нэмэгдүүлэх, сүргийн бүтцийн зохист харьцааг бий болгох, малын үүлдэр угсааг сайжруулахад онцгой анхаардаг аж. 2019 онд “Аймгийн аварга малчин”-аар тодрохын зэрэгцээ хөдөлмөр зүтгэлээ төрд үнэлүүлж тус онд “Хөдөлмөрийн хүндэт” медалиар шагнуулжээ. Өөрийн амжилтаа ахиулан өдгөө ийнхүү “МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧИН” хэмээх эрхэм алдрыг хүртээд байна.
Тэрбээр өнгөрсөн оны эцэст 2678 толгой мал тоолуулсан бөгөөд сүрэгт эзлэх хээлтэгчийг 38.7-59.8 хувиар нэмэгдүүлж, нийгмийн хариуцлагын хүрээнд нэг өрхийг 994 толгой малаар малжуулжээ. Түүнчлэн 815 толгой малаа үржилд худалдаж өвөлжилтийн бэлтгэл хангах зорилгоор 490 тонн өвс бэлтгэсэн байна.
Мал аж ахуйн салбарт бусдыгаа хошуучлан, Улсын аварга малчин өрхөөр тодорсон танай гэр бүлд аз жаргал сайн сайхныг хүсье.