Мэдээ мэдээлэл
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН 2 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО
2024.01.29
Аймгийн Онцгой комиссын II хуралдаан өнөөдөр /2024.01.29/ болж, цаг агаарын нөхцөл байдал, Хөдөө аж ахуй өвөлжилтийн нөхцөл байдал, мал амьтны гоц халдварт өвчлөлийн талаар мэдээлэл хийснээс гадна Галшар сумын Засаг даргаас Онцгой комисст ирүүлсэн хүсэлтийн талаар хэлэлцлээ. Үүнд:
------------------------------
УЦУОШТ: 2023 оны 12 дүгээр сарын 20-ны байдлаар шинэчлэн гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 90 хувьд их (57% нэн их, 23% их), 10 хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй гэж гарлаа. Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий, Дорноговийн ихэнх, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Төв, Дундговь, Дорнодын зарим нутгаар нэн их эрсдэлтэй байна. Зудын эрсдэл ихтэй нутгийн хэмжээ 11 дүгээр сарын 30-аас хойш 20 орчим хувиар нэмэгдсэн, бэлчээр нягтарч хатуурч, зузаан цастай болсон, эрс хүйтэрсэн зэргээс үзэхэд өвөлжилт нийт нутгаар хүндэрч, цаашид улам бүр муудахаар байна.
---------------------------------
Хүн, хөдөө аж ахуйн газар: Аймгийн хэмжээнд 2023 оны жилийн эцсийн малын тооллогоор 12.5 мянган малчин, мал бүхий өрхөд 4,4 сая толгой мал тоологдсон нь малын тоо өмнөх оноос 675.6 мянган толгой буюу 13.3 хувиар буурсан. Аймгийн хэмжээнд 16 сумын нутаг дэвсгэрт 10 тэмээ, адуу 1827, үхэр 2612, хонь 12573, ямаа 10805 нийт 27827 толгой мал хорогдсон нь нийт малын 0.7 хувийг эзлэж байна. Малын хорогдол Галшар, Баянмөнх, Бор-Өндөр сумдад 2.4-3.4 хувийг эзэлж байна. Малчдын бэлтгэсэн өвсний 62,5 хувь болох 75,5 мянган тн өвсийг зарцуулсан. Аймгийн хэмжээнд сумдын аюулгүйн нөөцөд 978.5 тн өвс, 565 тн тэжээл бэлтгэсэн. Аюулгүй нөөцөд бэлтгэсэн өвсний 62,6 хувь болох 613,5 тн, тэжээлийн 63.1 хувь болох 357 тн-ыг тус тус зарцуулаад байна. Үлдэгдэл 365 тн өвс, 208 тн тэжээл байна.
Аймгийн хэмжээнд өвс тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Дорнод аймгийн Матад сумаас 25,0 мянган боодол өвс татан авахаас өнөөдрийн байдлаар 13125 боодол өвс татан авч Галшар, Баянхутаг, Дархан, Баян-Овоо, Бор-Өндөр, Хэрлэн, Өмнөдэлгэр, Мөрөн сумд болон Бэрх, Өлзийт тосгодод өвс олгоод байна.
---------------------------------
Мал эмнэлгийн газар: Жаргалтхаан сумын Чулуут багийн малчин Х-ийн суурьт хонины цэцэг өвчин гарсан нь 2024.01.13-ны өдрийн шинжилгээний дүнгээр оношлогдож, сумын Засаг даргын 2024 оны А/08 тоот захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоож, голомтын суурийн өвчилсөн 25 хуцыг устгасан. Голомтын бүсийн 3 өрхийн 2064 хонийг үзлэгт хамруулж, 6 өрхийн 2861 хонийг тарилгад хамруулсан. Одоогоор нэмж өвчилсөн мал байхгүй, тайван байна. Цэцэг өвчний үеэр 30 хоног хорио цээр, 14 хоног хязгаарлалтын дэглэм тогтоодог. Мөн Дархан сумын хараат багийн малчин Г-ийн суурьт 2024.01.12-ны өдөр бог малын мялзан өвчин оношлогдсон тул сумын Засаг даргын 2024 оны А/04 тоот захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон. Дархан, Бор-Өндөр сумаас хамтарсан ажлын хэсэг гарч 45 ямааг устган, 400 м2 талбайг халдваргүйжүүлсэн. Голомтын 6 өрхийн 3820 толгой малыг үзлэгт хамруулахад сэжигтэй мал илрээгүй. Бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх яаралтай дархлаажуулалтад голомтын өрхийн 3112 толгой бог малыг хамруулсан. Аймгийн Мал эмнэлгийн газраас Дархан, Бор-Өндөр сумдад мялзангийн вакцин 8200 тун, Жаргалтхаан суманд хонины цэцэг өвчний 2900 тун вакцин олгосон.
-------------------------
Мөн Галшар сумын нутаг дэвсгэрт төмөр зуд нүүрлэж, өвөлжилт хүндэрч, малчин айл өрх, сум баг хооронд тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөн хязгаардагдаж зам даваа цасанд боогдож, явах боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа тул тус сумын Засаг даргаас ирүүлсэн хүсэлтийн дагуу аймгийн Засаг даргын зүгээс дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд:
1. Онцгой комиссын Урал машиныг Галшар сумруу явуулж, зам харгуйг нээх
2. Малчдад 1000 боодол өвс, 4 тн хивэг тэжээлийг хямдралтай үнээр олгох, өвс тэжээлийг хүргэх автомашины шатахууны зардлыг ОК-оос шийдвэрлэх
3. Иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон хоол хүнс хүргэж өгөхөд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор ГХБХБГ-ын туулах чадвар сайтай land76 автомашиныг сумруу түр хугацаанд шилжүүлэн ажиллуулах,
4. Сумын ЗДТГ-ын автомашин эвдэрч яаралтай дуудлагад явах боломжгүй байгаа талаар Галшар сум, Хурх тосгоноос ирүүлсэн хүсэлтийн дагуу автомашины дэмжлэг хүсэх албан тоотыг Улсын Онцгой комисст хүргүүлэхээр тус тус шийдвэрлэлээ.