ЖАРГАЛТХААН СУМАНД 320 СУУДАЛТАЙ СУРГУУЛЬ, 50 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫН ӨРГӨТГӨЛ АШИГЛАЛТАД ОРЛОО

2024.01.17
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав нар өнөөдөр буюу энэ сарын 16-нд Жаргалтхаан сумын 320 суудалтай сургуулийн барилга, 50 ортой хүүхдийн цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын нээлтэд оролцож, баяр хүргэлээ.
Сургуулийн барилгын зураг төслийг “Сензо констракшн”ХХК зохиож, “Солармед Монгол” ХХК гүйцэтгэсэн бол Цэцэрлэгийн барилгын өргөтгөлийн зургийг “Гурван мөнх өргөө” ХХК зохиож, “Бат угсралт констракшн” ХХК гүйцэтгэн ийнхүү ашиглалтад оруулсан байна.
Сургуулийн барилгыг 2021 оноос, цэцэрлэгийн барилгыг 2022 оноос барилгын угсралтын ажлыг явуулж, оны өмнө Улсын комисс хүлээн авсан юм.
Жаргалтхаанчууд сургууль, цэцэрлэгийн хүртээмж 100 хувь болсонд сайшаалтай хандаж байна. Харин сургуулиа 12 жилтэй болгох асуудлаар аймгийн Засаг даргад санал уламжлаад байгаа юм.
Оны өмнө УИХ-ын 18 дугаар тойргийн гишүүд сургууль, цэцэрлэгийн багш нартаа зөөврийн компьютер олгосон бөгөөд багш, ажилтнуудынхаа нийгмийн хамгааллын асуудалд анхааран ажиллаж байгаа. Нээлтийн үеэр Боловсролын ерөнхий хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийн талаар мэдээлэл өглөө.
Хэнтий аймгийн хувьд 2022, 2023 оны Хүүхэд хамгааллын жил болгон зарлаж, хүүхдийн суралцах орчин, сургалт, хүмүүжилд анхаарч буйг аймгийн Засаг дарга онцлов.