ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР ИРЭХ ОНД “НЭГ АЛБАН ХААГЧ НЭГ ШИНЭЛЭГ АЖИЛ” САНААЧЛАН ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗОРИЛТ ДЭВШҮҮЛЛЭЭ

2023.12.27
Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж, ирэх онд хэрэгжүүлэх зорилтоо дэвшүүллээ.
Тодруулбал, энэ онд АЗДТГ нь нийт 30 асуудал АИТХ-аар хэлэлцүүлэн батлуулж, 56 хууль, тогтоомж, тогтоол шийдвэрийн 149 заалт арга хэмжээг хяналтад авч тайлагнаж, 14 бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа юм.
Энэ оны байдлаар аймгийн Засаг даргын 715 захирамж, 7 албан даалгавар гаргасан бөгөөд 4750 бичиг хүлээн авч шийдвэрлэн, 20969 бичгийг холбогдох байгууллагууд руу хүргүүлж гүйцэтгэлийг ханган ажиллажээ.
Аймгийн Засаг дарга болон түүний Тамгын газарт иргэдээс 2206 өргөдөл ирүүлснийг хүлээн авч 97.3%-тай шийдвэрлэсэн бол үлдсэн өргөдлийг шийдвэрлэхээр судалж байгаа юм.
Мөн 203 тэрбум төгрөгийн 24,594 гүйлгээ хийж, 189 объектын 329 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт дээр ажиллажээ.
Шинээр 13 журам боловсруулж холбогдох хөтөлбөр, төлөвлөгөөг баталгаажуулан баримт бичгийн стандарт, эмх цэгцийг хангах, албан тасалгааг засварлаж тохижуулах, 5С стандарт хэрэгжүүлэх зэрэг нийт 131 арга хэмжээг дотооддоо хэрэгжүүлсэн бол гадагшаа чиглэсэн 50 орчим олон нийтийг хамарсан арга хэмжээг амжилттай зохион байгуулсан байна.
64 албан хаагч Удирдлагын академийн 7 төрлийн сургалт, бусад 15 төрлийн сургалтад хамрагдаж мэдлэг ур чадвараа дээшлүүлсний зэрэгцээ, 7 албан хаагч төрийн одон медалиар шагнагджээ.
Мөн аймгийн албан ёсны Khentii.mn сайт болон холбогдох цахим хуудсаар дамжуулан давхардсан тоогоор 20000 орчим мэдээ мэдээлэл бэлтгэн иргэдэд хүргэж ажиллалаа.
Байгууллагын “Эцэг эхийн зөвлөл”, “Залуучуудын зөвлөл” байгуулж албан хаагчдын чөлөөт цагийн зөв боловсон өнгөрүүлэх, нийгмийн асуудлуудыг нь шийдвэрлэхэд томоохон ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлсэн юм.
Харин оны хувьд “Нэг албан хаагч нэг шинэлэг ажил” санаачлан хэрэгжүүлэх зорилт дэвшүүллээ.