"ШИНЭ ХӨДӨӨ" ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ИРГЭДЭЭС 130 ГАРУЙ САНАЛ ИРҮҮЛЖЭЭ

2023.12.27
“Шинэ хөдөө” төслийн хэлэлцүүлэг өнөөдөр Чингис хотноо зохион байгуулсан. Энэхүү хэлэлцүүлэгт аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав “Хэнтий аймгийн хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал”-ын талаар илтгэл тавьж Мал аж ахуйн чиглэлээр, Бэлчээр болон усан хангамжийг сайжруулах чиглэлээр, Газар тариалангийн чиглэлээр 3 зорилтын хүрээнд 6 арга хэмжээг хэрэгжүүлэх санал дэвшүүллээ.
Тодруулбал, малын үүлдэр угсааг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх, баталгаажсан үүлдэр, омгийн хээлтүүлэгч малын цөм сүрэг бий болгох, бэлчээрийг нөхөн сэргээх, хортон мэрэгчтэй тэмцэх, бэлчээрт худаг уст цэг гаргах, хөв цөөрөм байгуулах, Малын тэжээлийн ургамал, ногоон тэжээл тариалах, Малчдын бүлэг, хоршоог дундын техниктэй болгох гэсэн 6 асуудлыг суурь судалгаатайгаар танилцуулсан юм.
Хэнтий аймаг 2022 оны жилийн эцсийн малын тооллогоор 5.1 сая толгой мал тоологдсон нь малын тоо өмнөх оноос 2.5 хувиар өссөн байна. Жилд дунджаар оны эхний малын 28,9 хувийг хүнсний хэрэгцээнд нийлүүлж 1,4 сая арьс, шир бэлтгэдэг тул эдгээр түүхий эдийн боловсруулах үйлдвэр байгуулах нэн шаардлагатай байгаа юм.
Мөн Монгол Улсын Засгийн Газрын тогтоолоор манай аймгийн 9 сумын 16 багийн 83,0 мянган га талбайг тариалангийн бүс нутаг болгон зарласан. Аймгийн хэмжээнд 17 сумын 327 байршилд эзэмшилгүй байгаа 27,2 мянган га тариалангийн талбайг иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлж, ашиглалтад оруулж үр тариа, ногоон тэжээл, тосны ургамал тариалах боломж бий талаар танилцууллаа.
Тэрбээр “Шинэ хөдөө-2024” төслийг аймагтаа үр дүнтэй зохион байгуулахын тулд төсөлд санал авах тухай албан бичгийг 18 сум, 5 тосгонд хүргүүлснээс 15 сумаас давхардсан тоогоор 130 санал ирүүлснийг ийнхүү нэгтгэн, аймаг орон нутгийн бодлоготой уялдуулан танилцуулж байгаагаа дурьдсан юм.