“ЭДГЭРЛИЙН БАЯР ХӨӨР” ӨДӨРЛӨГ БОЛЛОО

2023.12.18
“Архидалтгүй Хэтийн Хэнтий” хөтөлбөрийн хүрээнд АЗДТГ, “Хэрлэнгийн цэнхэр алс” ТББ-тай хамтран хорт зуршлаас татгалзсан иргэдийн дунд жил бүр зохион байгуулдаг “Эдгэрлийн баяр хөөр” өдөрлөгийг энэ сарын 06-ны өдөр зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав оролцож, өөрийгөө ялан дийлж, эрүүл амьдралыг эрхэм болгож буй иргэддээ баяр хүргэж, урмын үг хэлсэн юм.
Мөн Хэрлэнгийн цэнхэр алс” ТББ-ын тэргүүн Л.Энхбаатар 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцууллаа. Тус ТББ-аас энэ оны хувьд 3200 иргэнд архины хор уршгийн талаарх сургалт нөлөөллийн ажлууд зохион байгуулж, согтууруулах ундааны хамааралтай 25 иргэнийг эм зүйн болон сэтгэл заслын эмчилгээнд хамруулж, хүн нэг бүртэй тулж ажиллажээ. Түүнчлэн архины хор хөнөөлийн талаарх сургалтыг 18 сумын иргэд болон төрийн албан хаагчдад хийснээс гадна ШШГГ 419 дүгээр нээлттэй хорих ангид ял эдэлж буй 250 хүмүүжигчид "Монгол хүний үнэ цэнэ" сэдвээр лекц тавьжээ.