СУРГАЛТ, СПОРТЫН ТАВАН ТӨРӨЛТ ТЭМЦЭЭНД НИЙЛБЭР ДҮНГЭЭР ДАДАЛ СУМ НЭГДҮГЭЭР БАЙРТ ШАЛГАРЛАА

2023.11.15
Хэнтий аймгийн сум, тосгодын Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны албан хаагчдын дунд энэ сарын 9, 10, 11-нд сургалт, спортын таван төрөлт тэмцээн зохион байгууллаа. Сургалтад 17 сум дөрвөн тосгоны 400 орчим албан хаагч оролцсон бөгөөд энэ үеэр аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав аймаг, орон нутагт хийгдэж буй бүтээн байгуулалт, улсын төсвийн хөрөнгө оруулалт, ирэх онд хийхээр төлөвлөж буй ажил зэргийг танилцууллаа. Харин аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан "Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтыг хангах" тухай сэдвээр илтгэл танилцууллаа.
Мөн АШУИС-ийн Сургалтын албаны дарга, ЭМЯ-ны дэргэдэх Ёс зүй, хяналтын хорооны дарга, АУ-ны доктор, дэд профессор Д.Оюунбилэг “Удирдах ажилтны манлайлал, багаар ажиллах ур чадвар” сэдвээр сургалт орлоо.
Мөн сургалтын хүрээнд зохион байгуулагдсан спортын тэмцээнд албан хаагчид сагсан бөмбөг, гар бөмбөг, дартс, ширээний теннис, олс таталтын төрлөөр өрсөлдөж багийн нийт дүнгээр Дадал сум нэгдүгээр байр, Хэрлэн сум хоёрдугаар байр, Батширээт сум гуравдугаар байранд шалгарлаа.