Мэдээ мэдээлэл
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШИЙДВЭРЭЭР “ЦАГААН ЦАХИР УУЛ” ХХК-ИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДҮГНЭЛТ ГАРГАЛАА
2023.11.13
“Цагаан цахир уул” ХХК-ий уурын зуухны үйл ажиллагаа 2023.11.08-ны шөнө доголдож, ослын нөхцөл байдал үүссэн. Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой комиссын хуралдаанаар уурын зуухны нөхцөлд байдлыг шалгаж тогтоох ажлын хэсэг байгуулж газар дээр нь ажиллуулах, мэргэжлийн байгууллагаас гарсан дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэх ажлыг яаралтай зохион байгуулахыг Хэрлэн сумын онцгой комиссд даалгасан.
Тус ажлын хэсгийнхэн 2023.11.10-ны өдөр газар дээр нь ажиллаж, дүгнэлтээ гаргасан байна. Тодруулбал “Цагаан цахир уул” ХХК нь халаалтын 2 тогоотой бөгөөд үндсэн халаалтын тогооны сүүлийн хэсгийн 130 ш икран хоолой задарч, доод коллектор нь заклушкаараа нүүрэн талдаа хөлдөж ашиглах боломжгүй болсон. Ингэснээр тус халаалтын зуух хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болж нөөц тогоо ашиглан иргэн, ААН-ийг дулаанаар хангаж байна. Тухайн компанид гарсан ослыг шийдвэрлэн хэвийн горимд ажиллуулахад орон нутгийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай байгаа талаар ажлын хэсгийн дүгнэлт гарчээ.
Тиймээс аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав “Цагаан цахир уул” ХХК-ий удирдлагууд болон холбогдох албаны хүмүүстэй ирэх 7 хоногт уулзаж, үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан арга хэмжээ авахаар боллоо.