АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ХУРАЛДААНЫ ШИЙДВЭРТЭЙ ТАНИЛЦАНА УУ

2023.11.13
Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс 11 дүгээр сарын 09-ний өдөр хуралдлаа. Хуралдаанаар 8 асуудлаар мэдээлэл хийж, 4 асуудлыг хэлэлцэж дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:
✅Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн онцгой комисс, нэгдсэн шуурхай штабаас Улсын онцгой комисст мэдээ мэдээллээр хангаж ажиллах
✅“Цагаан цахир уул” ХХК-ий уурын зуухны үйл ажиллагаа 2023.11.08-ны шөнө доголдож, ослын нөхцөл байдал үүссэн. Үүнтэй холбогдуулан Хэрлэн сумын онцгой комисс хуралдаж нөхцөл байдлын үнэлгээ хийх, халаалтын уурын зуухны нөхцөлд байдлыг шалгаж тогтоох ажлын хэсэг байгуулж ажиллуулах, мэргэжлийн байгууллагаас гарсан дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэх ажлыг яаралтай зохион байгуулах
✅“Бэрх Уул” ХК-ний Чандганы нүүрсний уурхайн нүүрсний гаралт, чанарт анхаарах, газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцах
✅Хэрлэн сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа дулаан хангагч байгууллагуудад гэнэтийн осол аваар, цахилгаан хязгаарлагдсан нөхцөл байдалд генератор байрлуулж бэлэн байдлыг хангах
✅2023 оны 07 дугаар албан даалгаврын хүрээнд сумдын өвөлжилтийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа талаарх мэдээллийг Онцгой комиссын гишүүд хариуцсан сумдаасаа авч танилцуулах
✅Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа шатахуун түгээх станцын эрхлэгч нарт шатахуун хомсдол үүсэхээр урьдчилан сэргийлж нөөц шатахуунтай байх талаар үүрэг чиглэл өгөх
✅Улсын онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газар, Ус, цаг уур орчны шинжилгээний төв, аймаг орон нутгаас гаргаж байгаа цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээ мэдээллийг телевиз, цахим орчноор түгээх зэрэг арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албаны хүмүүст даалгасан юм.
✅Хөдөө аж ахуйн мэдээлэл: Аймгийн хэмжээнд 18 сумын 89 багийн 12.0 мянган малчин, мал бүхий өрхөд 4.8 сая толгой мал намаржиж байгаа бөгөөд хонин толгойд шилжүүлснээр 8,7 сая толгой мал өвөлжиж, хаваржих урьдчилсан төлөвтэй байна. Засгийн газрын 2023 оны 279 дугаар тогтоолын дагуу аймгийн аюулгүй нөөцөд 150 тн өвс, 50 тн тэжээл бэлтгэхээс 125 тн өвс, 50 тэжээл бэлтгэсэн нь 91,7%-тай, Сумдын аюулгүй нөөцөд нийт 1080 тн өвс, 720 тн тэжээл бэлтгэхээс 978.5тн өвс, 545 тн тэжээл тус тус бэлтгэсэн нь 84,5 хувьтай байна. Аймгийн Засаг даргын 08 дугаар сарын 04-ны өдрийн 07 тоот албан даалгавраар малчин өрхийн хэрэгцээнд зориулан 130 мянган тн өвс бэлтгэхээс 120.6 мянган тн өвс бэлтгэсэн нь 93,8 хувьтай байна.
✅Цаг агаарын нөхцөл байдал: аймгийн нийт нутгаар 10 дугаар сарын 31 өдрөөс 11 дүгээр сарын 8 өдөр хүртэл 4-7 өдөр нойтон цас, цас орж 6-15мм тунадас орлоо. Ихэнхи сумдаар 3-6 өдөр дараалан цас орсон. 11 сарын 6-8 өдрүүдэд төв болон өмнөд хэсгээр салхи 8-12м/с хүрч цас 8-14 цаг шуурсан. 11 дүгээр сарын 6 өдрөөс шөнөдөө 20-22 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн болж өмнөх өдрүүдээс 3-5 градусаар огцом хүйтэрсэн. Одоогийн байдлаар Хэрлэнбаян-Улаан, Бор Өндөр сум 2-3см, Хэрлэн, Биндэр,Батширээт, Баян-Адрага, Баянмөнх сумдууд 7-9см, бусад сумд 10-15см зузаан цасан бүрхүүлтэй байна.