"INVEST KHENTII 2023” ЧУУЛГАНААР МОНГОЛЫН ТЭРГҮҮЛЭГЧ КОМПАНИУД ХЭНТИЙ АЙМАГТ САЛБАРАА БАЙГУУЛЛАА

2023.11.03
МУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд орон нутагт бизнес эрхлэх таатай боломжийг хөрөнгө оруулагчдад танилцуулж, орон нутагт ажлыг байр нэмэгдүүлэх зорилготой "Invest khentii 2023” хөрөнгө оруулалтын чуулган өнгөрсөн баасан гаригт Хэнтий аймгийн Чингис хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээнд яам, тамгын газрын удирдлагууд, томоохон хөрөнгө оруулагчид оролцож, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, хөдөө аж ахуй, барилга бүтээн байгуулалт, сургалт судалгааны чиглэлээр нийт 8 санамж бичиг байгуулж, албажуулжээ. Үүнд:
✅Манай Улсын тэргүүлэх компани болох “Говь” ХК 100-120 ажилтантай анхны орон нутаг дахь салбар үйлдвэрээ Хэнтий аймагт нээлээ.
✅Газар тариалан-мал аж ахуй хосолсон Хөдөө аж ахуйн дэвшилтэт технологийг ашиглан бүс нутгийн бүтээгдэхүүнийг дотоодын болон гадаадын зах зээлд нийлүүлэхээр ажиллаж байгаа "М-Агро" ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Тус компанид 65 хүн ажиллаж байгаа бөгөөд үүнээс 31 нь Хэнтий аймгийн иргэд байна. Цаашид 200 ажлын байр шинээр бий болгоно.
✅Зочид буудал, зоогийн газрын үйлчилгээг олон улсын стандартын түвшинд хүргэх, орон нутагт шинээр ажлын байр бий болгох эко жуулчны баазыг Дадал суманд байгуулахад “Исун мод тур” ХХК-тай хамтран ажиллахаар болсон юм.
✅Үүрэн холбооны тэргүүлэх компани болох GMOBILE компани Хэнтий аймагт үүрэн холбооны дуудлага хүлээн авах төвөө нээж эхний ээлжид 15-20 хүнийг ажлын байраар хангалаа.
✅1300 айлын жишиг хорооллын эхлэлийг тавьж “Эм Си Эс Си” компанитай 250 айлын орон сууц барих төслийг хамтран хэрэгжүүлэхээр боллоо.
✅Хаан банкнаас 20 айлыг ипотекийн зээлд хамруулахаар болж, эхний 2 өрхөд батламж гардуулав.
✅ШУТИС-тай аймгийн хөгжлийн бодлогыг дэмжих сургалт, судалгаа, инновацын чиглэлээр хамтран ажиллахаар болов
✅Хөдөө аж ахуйн сургуультай хөдөө аж ахуйн салбарт хөгжлийн бүхий л асуудлаар мэдээлэл, туршлагаа солилцож харилцан суралцах болон хамтран ажиллах, эрдэм шинжилгээ, судалгаа, технологи хөгжүүлэлт, орон нутагт инновацыг бий болгоход харилцан уялдаатай хамтран ажиллах гэрээг тус тус байгууллаа.