“ХАРИУЦЛАГАТАЙ СОНГОГЧ” СУРГАЛТАД 17 НАСНЫ 20 ГАРУЙ СУРАГЧДЫГ ХАМРУУЛЛАА

2023.11.03
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Сонгуулийн ерөнхий хороотой хамтран “Хариуцлагатай сонгогч” мэдлэг олгох сургалтыг Чингис хотноо энэ сарын 2, 3-нд зохион байгууллаа.
Сургалтад Хэрлэн Нэгдүгээр сургууль, Хан Хэнтий цогцолбор сургууль, Тэмүүжин цогцолбор сургууль, Хэрлэн Дөрөвдүгээр сургууль, Политехник коллежийн 17 насны нийт 25 сурагч, оюутан хамрагдаж сонгуулийн талаарх цогц мэдлэг, ойлголттой болж Сертификат гардан авлаа.
Сургагч багшаар аймгийн Соёл, урлагийн газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ц.Туяасайхан, Боловсрол, шинжлэх ухааны газрын ахлах мэргэжилтэн Э.Болормаа нар ажилласан.
Сургалтыг хөтөлбөрийн дагуу 3 модулийн 9 хичээлийн хүрээнд зохион байгуулж, сонгууль гэж юу болох, сонгох, сонгогдох эрх, ардчилсан сонгуулийн үндсэн зарчим, сонгуулийн мөрийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийх, сонгуулийн үр дүнгээр байгуулагддаг байгууллагуудын эрх, үүрэг, сонгуульд оролцож, санал өгөх үйл явцыг бүхэлд нь илэрхийлэх харилцан уялдаа, хамаарал бүхий “Санал өгөх 7 алхам” зэрэг ойлголт мэдлэгийг багаар ажиллуулах, дүрд тоглуулах, хөгжилтэй суралцах арга хэлбэрээр явуулж, суралцагчдаар сургалтын талаархи үнэлгээг хийлгэсэн.
Сургалтын үйл явцад Нэгдсэн Үндэстний Байгууллагын хөгжлийн Хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй "Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь" төслийн бүс нутаг хариуцсан зохицуулагч Н.Баярцэцэг хяналт тавьж, мониторинг хийж ажиллалаа.