Ц.ЧОГСОМЖАВ: МАНАЙ АЙМГИЙН АЛЬ Ч СУМ СУУРИН ГАЗАРТ ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭ ЯВУУЛАХ, ОРОН СУУЦ БАРИХАД ДЭД БҮТЦИЙН АСУУДАЛ БҮРЭН ШИЙДЭГДСЭН

2023.11.03
"Invest Khentii 2023" хөрөнгө оруулалтын чуулганыг нээж аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав үг хэллээ.
Тэрбээр хэлсэн үгэндээ "Invest khentii 2023” хөрөнгө оруулалтын чуулган нь зөвхөн Хэнтий аймгийн хэмжээнд бус бүс нутгийн хөрөнгө оруулалт, эдийн засаг, аялал жуулчлалыг хөгжүүлэх, бүсчилсэн хөгжлийн санал, шийдэл, боломжуудыг хэлэлцэн хамтран ажиллах нөхцөлөө тохирох гэдгээрээ ихээхэн онцлог, ач холбогдолтой юм.
Манай аймгийн хувьд аялал жуулчлал, газар тариалан мал аж ахуйн салбарыг хослуулан хөгжүүлж, нөхөн сэргээгдэх баялгаар орон нутгийнхаа төсвийг бие даан бүрдүүлдэг аймаг болохоор зорьж байна. Энэ удаагийн чуулган ч мөн энэхүү зорилтоо биелүүлэх эхний шатыг тавьж байгаа гэж ойлгож болно.
Бид сүүлийн 2-3 жилийн хугацаанд улсын төсвөөс Хэнтий аймагт хуваарилсан хөрөнгө оруулалтын 60-70 хувийг дэд бүтэц, Инженерийн шугам сүлжээ, авто замын салбарт зарцуулсан байдаг. Тодруулбал, манай аймгийн 18 сум бүгд төвийн эрчим хүч, төвлөрсөн дулааны шугам сүлжээнд холбогдсон бөгөөд мөн 6 сумандаа бохир ус ариутгах татуургын төвлөрсөн цэвэрлэх байгууламжийг барьж байгуулж байна. Өнгөрсөн хугацаанд бүх сумдаа автозамаар холбох, аялал жуулчлалын маршрутын дагуу түүхэн цогцолборуудаа автозамаар холбох ажлыг хийж хэрэгжүүлж байна.
Тиймээс та бүхэн манай аймгийн аль ч сум суурин газар үйлдвэрлэл үйлчилгээ явуулах, орон сууц барихад дэд бүтцийн асуудал бүрэн шийдэгдсэн. Мөн түүхэн цогцолборуудыг түшиглэн жуулчны бааз, зочид буудал, түр буудаллах цэг, отоглох цэг зэргийг барьж ашиглалтад оруулах хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдыг бид дэмжин хамтран ажиллахад нээлттэй байх болно” гэлээ.