"ГОВЬ" ХК ХЭНТИЙ АЙМАГТ САЛБАР ҮЙЛДВЭРЭЭ БАЙГУУЛЖ ӨНӨӨДӨР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2023.11.03
Монгол ноолуурыг дэлхийд таниулж буй үндэсний ууган үйлдвэрлэгч болох "Говь" хувьцаат компани орон нутаг дахь анхны салбар үйлдвэрээ Хэнтий аймагт байгууллаа. "Invest Khentii 2023" хөрөнгө оруулалтын чуулганы үеэр талууд санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ үеэр тус компаниас намрын шилдэг коллекцыг танилцуулав.
Аймаг, орон нутаг улсаас татаас авахгүйгээр өөрсдөө татвараа бүрдүүлдэг болоход хамгийн чухал алхам бол эдийн засгийн бааз суурийг тэлж, ажлын байрыг нэмэгдүүлэх, татвар төвлөрүүлэх юм. Энэ ч утгаараа үйлдвэр барьж байгуулах шаардлага нэн тэргүүнийх байсан тул аймгийн удирдлагууд тус компанид санал тавьсаны дагуу Хэрлэн суманд 100-120 ажилтантай салбар үйлдвэрээ байгуулж байна. Орон нутгийн 120 гаруй иргэнийг ажлын байраар хангаад буй бөгөөд 2.3-2.8 сая төгрөгийн цалинтай юм.
"Говь" хувьцаат компани нь ноолуурын түүхий эд бэлтгэхээс эхлэн эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүхий л шат дамжлагыг 100 хувь Монголдоо гүйцэтгэн дэлхийн зах зээлд нийлүүлж, жилд сүлжмэл болон оёмол бүтээгдэхүүн 1.6 сая, нэхмэл бүтээгдэхүүн 1.1 сая ширхгийг тус тус үйдвэрлэх хүчин чадалтай томоохон компани юм.