Мэдээ мэдээлэл
“ХАРИУЦЛАГАТАЙ СОНГОГЧ” СЭДЭВТ СУРГАЛТАД СУРАГЧДЫГ ХАМРУУЛЖ ГЭРЧИЛГЭЭ ОЛГОВ
2023.10.13
Сонгуулийн хууль тогтоомжийг олон нийтэд тайлбарлан таниулах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, сургалт, судалгаа явуулах, сонгуулийн явц, хугацааны талаар сонгогчдыг мэдээллээр хангах үүргээ хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос 21 аймаг тус бүрт сургагч багш бэлтгэсэн. АЗДТГ-ын мэргэжилтэн Ш.Эрдэнэжаргал, Г.Пүрэвбаатар нар сургагч багшаар бэлтгэгдсэн бөгөөд Ерөнхий боловсролын төвийн дөрвөн сургуулийн 11, 12 дугаар ангийн сурагч, Политехник коллежийн оюутан, залуусыг энэ сарын 12, 13-нд “Хариуцлагатай сонгогч” сэдэвт сургалтад хамрууллаа.
Сургалт үндсэн модулийн хүрээнд явагдсан бөгөөд “Сонгууль ба Сонгох, сонгогдох эрх”, “Сонгуулийн үйл явцыг ойлгох нь”, “Хариуцлагатай сонгогч байх нь”… гэсэн сэдвийн хүрээнд хоёр өдөр үргэлжлэв.
Уг сургалтыг "Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь" төслийн хүрээнд Сонгуулийн ерөнхий хороо, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр, Бүгд Найрамдах Солонгос улсын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (KOICA) хамтран 21 аймагт зохион байгуулж байгаа юм.