ОУХМ П.ЭНХМАНЛАЙН НЭРЭМЖИТ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН СПОРТЫН АНХДУГААР НААДАМ ЭХЭЛЛЭЭ

2023.09.23
Аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдаж буй ОУХМ, Алтан гадас одонт Пүрэвцогийн Энхманлайн нэрэмжит Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн анхдугаар спортын наадам өнөөдөр эхэллээ.
Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан, Нийгмийн бодлогын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Зоригтбаатар, БТСГ-ын дарга Г.Нэргүйбаатар, Монголын Үндэсний Паралимпийн холбооны ерөнхийлөгч Б.Батдорж болон ОУХМ П.Энхманлай түүний гэр бүл, ах дүү нар оролцлоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Идэрбат болон аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан нар ОУХМ П.Энхманлайд хүндэтгэл үзүүлэв.
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав өнгөрсөн жил Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Монголын бүх ард түмний спортын XV их наадамд Хэнтий аймгийн баг тамирчид тэргүүн байр эзэлсэн тул П.Энхманлайн нэрэмжит Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын наадмыг улсын хэмжээнд анх удаа зохион байгуулна хэмээн мэдэгдэж байсан. Иймд амлалтаа ажил болгож тус тэмцээнийг энэ жилээс ийнхүү зохион байгуулж байна.
ОУХМ Пүрэвцогийн Энхманлай нь хүн төрөлхтний их наадам болох параолимпд анхны тэргэнцэртэй гүйлтийн төрөлд Монгол Улсаа төлөөлөн оролцож улсын рекордыг шинэчлэн тогтоосон түүхэн амжилтын эзэн билээ.
Тэмцээнийг спортын дөрвөн төрлөөр явуулж байгаа бөгөөд Биеийн тамир, спортын газар, Төв цэнгэлдэх хүрээлэнд үргэлжилж байна.