БАЯНХУТАГ СУМЫН ДОТУУР БАЙРЫГ ГҮЙЦЭТГЭГЧИЙН ЗАРДЛААР БУУЛГАЖ БАЙНА

2023.09.18
Аймгийн дэд бүтцийн зөвлөлийн хурлаар Баянхутаг суманд "Манагал констракшн" ХХК-ий барьж байгаа 40 ортой дотуур байрны барилгыг гүйцэтгэгчийн зардлаар буулгаж стандартын дагуу ахин өрлөг хийх шийдвэр гаргасан. Одоогийн байдлаар буулгалтын ажил 70-аад хувьтай үргэлжилж байна.
Барилгын 1,4, А, Г тэнхлэг дагуух 320 мм-ын тоосгон хана бүрэн, мөн дотор 120 мм-ын тоосгон хана болон угсармал бетон хучилтын 70% -ийг буулгасан байна.
ГХБХБГ-аас буулгах хануудыг газар дээр нь харж буулгуулах, норм дүрмийн дагуу болон дүрэм зөрчиж алдаатай өрсөн хануудын үзлэгийг нэг бүрчлэн хийж зургийн зохиогчтой зөвшилцөж дараах зөвлөмжийг өглөө. Үүнд:
- Буулгалтыг хүчтэй доргилт үүсгэхгүйгээр гүйцэтгэх
- "2", "3" дугаартай тэнхлэг дагуух шатны 2 талын 380 мм-ын тоосгон ханыг буулгаж туслах дамнуруу суусан хэсгийг гаргаж хянуулах
- "Б", "В" дугаар тэнхлэг дагуух 380 мм-ын тоосгон ханыг зохиогчтой, захиалагчтай зөвшилцтөл түр хүлээх
- Ажлын талбайд буулгасан бүх хог хаягдлыг зайлуулж ажиллах орчны аюулгүй байдлыг хангах
- Ажлын талбайд хөдөлмөр хамгаалалтын хувцас хэрэглэлгүй хүн нэвтрэхийг хориглох
- Хүзүүвчний "В" тэнхлэг дагуу суурийг засч, өргөсгөн хуучин барилгын оролттой уялдуулах
- Гадна ажлыг 9 дүгээр сард дуусгасан байхаар ажлын зохион байгуулж ажиллах
Эх сурвалж: Хэнтий аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар