МЭНДЧИЛГЭЭ

2023.09.15
Төрөлх сургуулийнхаа түүхт 100 жилийн ойн баярт хүрэлцэн ирсэн үе үеийн багш сурган хүмүүжүүлэгч, нийт төгсөгчдөдөө, сурагч багачууддаа Хан Хэнтий аймгийн ууган сургууль болох Хэрлэн нэгдүгээр сургууль үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
Тэртээх 1921 оны наймдугаар сарын 14-ний өдрийн Засгийн газрын 11 дүгээр хурлаар “Бага сургууль байгуулах тухай” тогтоол баталсан нь Монгол Улсад шинэ цагийн боловсролын тогтолцоо бий болгох тухай гаргасан хамгийн анхны эрх зүйн баримт бичиг болсон байдаг. Улмаар Хан Хэнтий аймагт 1923 оны 04 дүгээр сард анхны бүрэн бус дунд сургууль байгуулагдсан нь тэр үеийн “Хан Хэнтий уулын анхдугаар бага сургууль” өдгөөгийн Үндэсний лаборатори Хэрлэн 1 дүгээр сургууль билээ. Төдийгөөс өдийг хүртэлх хугацаанд 20 мянга орчим суралцагч түүхт энэ сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшиж, амьдралын замд хөл тавьжээ.
Өдгөө шинэ зууны босгон дээр төрөлх сургуульд маань 2500 суралцагч, 100 гаруй багш ажилтан сургалтын үйл ажиллагаа явуулж туулж ирсэн түүхэн замнал, гавьяа алдрыг өвлөн шинэ ололт амжилтаар баяжуулж нэгдмэл зорилго өвөртлөн ажиллаж байна.
Нэгэн зуун дамнасан бахархалт түүхийн эзэд болсон Үндэсний лаборатори Хэрлэн 1 дүгээр сургуулийн үе үеийн удирдлага, хамт олон, бахархалт олон шавь нарт нь 100 жилийн ойн баярын мэндийг дахин дэвшүүлж, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.