БОР-ӨНДӨР СУМ ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ “ХУРДАН” ЦЭГТЭЙ АНХНЫ СУМ БОЛЛОО

2023.09.08
Цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим үндэстэн болох зорилтын хүрээнд Төрийн цахим үйлчилгээг иргэдэд хүргэх, иргэдийг мэдээлэл, зөвлөгөөгөөр хангаж, хүнд суртлыг бууруулах, төрийн үйлчилгээг хүн бүрт хүртээмжтэй хүргэх "ХУРДАН" цэг Бор-Өндөр сумын ЗДТГ-ын байранд өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтэд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэд сайд Ж.Эрхэмбаатар, ТЦҮЗГ-ын Үйлчилгээний нэгдсэн төвийн зохицуулалтын газрын Аймаг хариуцсан хэлтсийн дарга П.Чинбат, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын ИТХ-ын дарга Д.Отгонцэцэг, Засаг дарга Г.Адъяабилэгт болон иргэдийн төлөөлөл, албан байгууллагын дарга, эрхлэгч нар оролцлоо.
Төрийн үйлчилгээг нэг дороос шуурхай хүргэх, үйлчилгээний чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой “ХУРДАН” үйлчилгээний цэг нь лавлагаа тодорхойлолтын 94, нэг шатлалт үйлчилгээний 55, олон шатлалт үйлчилгээний 291 нийт 440 төрлийн үйлчилгээг нэг дороос үзүүлэх юм. Тус цэг нь хүн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг хурдан шуурхай, хүртээмжтэй байдлаар хүргэх, зөвлөгөө, мэдээллээр хангах, үйл ажиллагааг боловсронгуй болгох, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэхээр үйл ажиллагаагаа эхлүүлж байна.