ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ “ШИЛДЭГ СУВИЛАГЧ” УРАЛДААНЫ ЭЗЭД ШАГНАЛАА ГАРДАЖ АВЛАА

2023.09.08
Эрүүл мэндийн салбарт дутагдалтай хүний нөөцийг бүрдүүлэх, сувилагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах, мэргэжлийн ур чадварыг нь дээшлүүлэх, иргэдэд хүрэх эмчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор Хэнтий аймгийн Засаг даргын нэрэмжит “Шилдэг сувилагч” шалгаруулах уралдааныг анх удаа 18 сум, 5 тосгодын эрүүл мэндийн салбарын сувилагчдын дунд зарлаад байсан.
Тэгвэл уралдаанд шалгарсан шилдэг 20 сувилагчийн шагналыг аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, засаг даргын орлогч Л.Батсайхан, ЭМГ-ын дарга Л.Мэндбаяр нар гардуулан өглөө. Тодруулбал уралдааны нэгдүгээр байранд НЭ-ийн дотрын тасгийн ахлах сувилагч Д.Өлзиймаа шалгарч байрны урьдчилгаа төлбөр болох 25 сая төгрөгний дэмжлэг хүртсэн бол хоёрдугаар байрыг Батноров сумын эрүүл мэндийн төвийн ахлах сувилагч Б.Батхишиг эзэлж 10 сая төгрөг, гуравдугаар байрыг Бор-Өндөр сумын НЭ-ийн хүүхэд нярайн тасгийн сувилагч П. Мөнхзул хүртэж 5 сая төгрөгийн эзэн боллоо. Харин бусад 17 оролцогчдод тус бүр 500.000 мянган төгрөг, өргөмжлөл гардуулан өгсөн юм.
Мөн энэ үеэр аймгийн нэгдсэн эмнэлэг, Норовлин, Бэрх, Мөрөн сумдын ӨЭМТ болон Бор-Өндөр сумын Цэгцүүлэндом өрхийн эрүүл мэндийн төвд 145 сая төгрөгийн үнэ бүхий шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг гардуулжээ.
Тус уралдааныг 3 үе шаттайгаар зохион байгуулсан бөгөөд нийт 26 сувилагч материал ирүүлснээс 20 сувилагчийн материалыг нэгдүгээр шатанд шалгаруулжээ. Харин 2 дахь шатанд сувилагч нарын мэдээллийг цахим орчинд байршуулан нэмэлт оноолт өгч ажилласан бол 3 дахь шатны ур чадварын тэмцээнийг гурван өртөөгөөр зохион байгуулж ийнхүү шилдгүүдийг шалгаруулсан байна.