ХЭНТИЙ АЙМГИЙН "ШИЛДЭГ БАГШ" ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

2023.09.05
Шагналын сан: 75,000,000 төгрөг
Багш мэргэжлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, тэдний нийгмийн баталгааг хангаж тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын нэрэмжит сургууль, цэцэрлэгийн “ШИЛДЭГ БАГШ” шалгаруулах болзолт уралдаан зарлагдлаа.
Уралдаан нийт гурван үе шаттайгаар явагдах бөгөөд Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үндсэн багшаар ажиллаж байгаа “Нийтлэг шаардлага”-ыг хангасан багш бүхэн энэхүү уралдаанд оролцох эрхтэй.
Нэгдүгээр шат: 2023 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс 20-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Энэ үед багш, сурган хүмүүжүүлэгч та өөрсдийн танилцуулга материалыг бэлтгэх бат уг материалыг тухайн боловсролын байгууллагаас нийтлэг шаардлагын дагуу 100 хүртэлх хувиар үнэлж дотооддоо анхан шатны шалгаруулалт явуулна. Улмаар 70-аас доошгүй хувьтай үнэлэгдсэн материалыг Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэст ирүүлнэ.
Хоёрдугаар шат: 2023 оны есдүгээр сарын 20-30-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд хоёрдугаар шатанд шалгарсан багш нар өөрийн мэргэжлийн чиглэлээр 2-оос доошгүй цагийн хэлэлцүүлэгт хичээлийг зааж сургууль, цэцэрлэгтээ түгээн дэлгэрүүлж зөвлөн туслах ажил хийсэн байна. Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг шалгаруулалтыг журмын дагуу явуулж нийт оролцогчийн 30 хувийг гуравдугаар шатанд тэнцүүлнэ.
Гуравдугаар шат: 2023 оны 11 дүгээр сарын 20-30-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд шалгарсан багш нарын мэдээллийг олон нийтийн цахим сүлжээнд тав хоног байрлуулж эцэг эх болон сурагчдаас сэтгэл ханамжийн судалгаа авна. Санал асуулгын дүнг нэгтгэн аймгийн Засаг даргын удирдлагын зөвлөлөөр хэлэлцүүлж шилдэг багш нарыг шалгаруулна.
Уралдааны шагналын сан нийт 75 сая төгрөг бөгөөд шилдэг таван багшид 5-25 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ.
Уралдаанд оролцохыг хүссэн багш та дараах шаардлагыг хангасан байх ёстой. Тавигдах шаардлага болон журмын талаарх мэдээлэлтэй дараах QR кодыг уншуулан танилцаарай.
Эрдэм номын эх үндсийг заан сургаж, сурч мэдэхийн чухлыг таниулан замчилж буй багш сурган хүмүүжүүлэгч та бүхний гэгээн үйлсэд өрнүүн их амжилт хүсье.