"БОДЛОГОД ЗАЛУУСЫН ХЯНАЛТ" ТББ, СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО ХАМТАРСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2023.08.25
“Бодлогод залуусын хяналт” ТББ-аас “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, сургалт судалгааны төвтэй хамтран Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Өвөрхангай, Дархан-Уул, Орхон аймгуудад бүсийн хэлэлцүүлэг зохион байгуулж буй.
Энэ хүрээнд 08 дугаар сарын 25, 26-нд Хэнтий аймагт ажиллаж Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлт, Сонгууль болон улс төрийн намуудын эрх зүйн шинэчлэл онцлох зохицуулалт, ач холбогдол гэсэн сэдвээр төрийн албан хаагч, иргэний нийгмийн байгууллага, эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээний гишүүд зэрэг төлөөллийг хамруулсан хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Уг хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын захирал Т.Амарзаяа, илтгэгчээр “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын Зөвлөх Ц.Мандхайхатан, улс төр судлаач Э.Гэрэлт-Од, Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-ны Сургалт, судалгааны хэлтсийн дарга Б.Бат-Эрдэнэ нар ажиллаж байгаа юм.