ЭЗЭН ЧИНГИСИЙН НУТГИЙН ХҮҮ ЭХ ОРНЫ ТУГЧИН

2023.08.17

Зүүн Азийн залуучуудын наадмын нээлтийн ёслолын хамгийн сэтгэл хөдөлгөсөн мөч бол баг тамирчдын марш билээ. Монголын багаа манлайлж, цэнгэлдэх хүрээлэнд алтан соёмбот далбаагаа залах эрхэм хүндтэй үүргийг залуу волейболчин Цэнд-Очирын Ананд хүү гүйцэтгэнэ. Тэрбээр эзэн Чингисийн эх нутаг Хэнтий аймгийн уугуул, төвийн арван жилийн дунд сургуулийн сурагч, волейболын нэгдүгээр зэрэгтэй тамирчин ажээ. Энэ жил 16 нас хүрсэн, 196 см өндөр Ц.Ананд нь 5 жилийн өмнөөс Э.Доржжагдаг багшийн секцэд хичээллэж эхэлсэн байна. Дашрамд дурьдахад, Зүүн Азийн түүхэнд анх удаа волейболын тамирчин Монголын багийн тугчаар тодорсон нь энэ бөлгөө.