ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭНТЭЙ ХОЛБОГДУУЛАН ХАВЬТАЛ ТОГТООХ АЖИЛ ЯВАГДАЖ БАЙНА

2023.08.09
Биндэр суманд тарваган тахал өвчний тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан өнөөдөр аймгийн Онцгой комисс хуралдлаа. Зооноз ӨСТ-ийн өгч буй мэдээллээр “Улаанбаатар хотын иргэн Г нь Хэнтий аймгийн Биндэр сумын Уулинт гэх газар амрах үедээ тарваганы мах хэрэглэсэн гэх бөгөөд Улаанбаатар хотод гэртээ очсоныхоо дараа суулгах, бөөлжих шинж тэмдэг илэрсэн тул 2023.08.08-ны өдрийн ХӨСҮТ-ийн лабораторийн шинжилгээгээр тарваган тахал өвчний гэдэсний хэлбэр болох нь оношлогдсон байна. Одоогоор тус иргэний биеийн байдал харьцангуй дээрдсэн бөгөөд ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа” талаар танилцуулсан юм.
Манай аймгийн хувьд тухайн иргэнтэй хамт байсан иргэдийг тусгаарлаж, Зооноз ӨСТ, Биндэр сумын эмч мэргэжилтнүүдийн хамтарсан баг урьдчилсан сэргийлэх эмчилгээг хийж байна. Одоогоор биед илэрсэн зовуурь байхгүй. Онцгой комиссын хуралдаанаар тарваган тахал өвчний гэдэсний хэлбэрийн батлагдсан тохиолдлын хавьтлыг тогтоох, тусгаарлах, хяналт сэргийлэлтийн ажлыг зохион байгуулах ажлыг хэсгийг байгууллаа. Мөн тархвар зүйн судалгааг авч бусад хавьтлыг тогтоож, тусгаарлах хүртэл хугацаанд Биндэр сумаас гарах хөдөлгөөнийг хязгаарлахаар болсон байна.