Мэдээ мэдээлэл
ХАН ХЭНТИЙ УУЛЫН АЙМГИЙН ТҮҮХ СОЁЛ: ЭРТ ЭДҮГЭЭ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
2023.07.03
Бид хан хэнтийнхэн
Үйл явдлын мэдээ
Монгол улсын ууган аймгуудын нэг Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд олон арван ажил зохион байгуулагдаж байгаагийн нэг нь Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг Даргын Тамгын газар, Хэнтий аймгийн нутгийн зөвлөл санаачлан Соёлын яамны харьяа Чингис хааны өв, соёлын хүрээлэн, Чингис хаан үндэсний музей, ШУА-ийн Археологийн хүрээлэнтэй хамтран “ХАН ХЭНТИЙ УУЛЫН АЙМГИЙН ТҮҮХ, СОЁЛ, ХӨГЖИЛ: ЭРТ, ЭДҮГЭЭ” эрдэм шижилгээний хурал юм.
“ХАН ХЭНТИЙ УУЛЫН АЙМГИЙН ТҮҮХ, СОЁЛ, ХӨГЖИЛ: ЭРТ, ЭДҮГЭЭ” сэдвийн хүрээнд Чингис хааны өв соёлын хүрээлэн, ШУА-ийн Археологийн хүрээлэн, Түүх угсаатны зүйн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, СУИС-ийн Соёл урлаг судлалын хүрээлэн, Архивын ерөнхий газар, Үндэсний төв архив, Тагнуулын ерөнхий газрын тусгай архив, Соёлын өвийн үндэсний төв, Чингис хаан үндэсний музей, Хэнтий аймгийн музей, Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргаа, МУИС, МУБИС, ХААИС, Мандах их сургууль, Өвөр Монголын их сургууль, Түшээ дээд сургууль зэрэг 20 орчим байгууллагын 40 гаруй эрдэмтэн судлаачид Сэцэн хан аймаг, Хан Хэнтий уулын аймгийн түүх, тус аймгийг бүрдүүлэгч хошууны түүхэн газар нутаг, шашин, сүм хийд, археологи, соёл, угсаатан, Сэцэн хан аймгийн ноёдын угсаа гарвалын шинэлэг судалгаа, Хэнтий аймгийн нутаг дээрх археологийн дурсгал, угсаатны соёл, зан заншил, тус аймгийн түүх, байгаль, газар зүйн онцлогт түшиглэн музей, театр, соёлын ордон зэрэг соёлын салбарын мэргэжлийн байгууллагуудтай хамтран бүс нутгийн аялал жуулчлалыг оновчтой хөгжүүлэх боломж зэрэг олон шинэ судалгааны үр дүнгээс хэлэлцүүллээ.
Тус хурал Хэнтий аймгийн түүх, соёлын өвийг судлах, нутгийн бахархлыг ард иргэдэд төрүүлэх, эх оронч үзэл, хүмүүжил олгоход чиглэж буй юм.