“НЭЭЛТТЭЙ ХЭНТИЙ АЙМАГ” ӨДӨРЛӨГ УЛААНБААТАР ХОТОД БОЛНО

2023.05.17
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд "Нээлттэй Хэнтий аймаг" өдөрлөг 2023 оны 05 сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын Дүнжингарав худалдааны төвийн урд талбайд зохион байгуулагдах гэж байна.
Тус өдөрлөгөөр орон нутгийн онцлог, давуу тал болон Улаанбаатар хотоос Хэнтий аймагт шилжин суурьших иргэн, аж ахуйн нэгжүүдэд олгож байгаа боломж, бодлого төлөвлөлтөө танилцуулна.
Мөн оюутан сурагчид, төрийн албан хаагчдад зориулсан “Зөгийн үүр” хөтөлбөр, эмч багш нарын нийгмийн баталгааг хангах хөтөлбөр, орон нутагт сул байгаа ажлын байрны мэдээллүүд, хөнгөлттэй зээл тусламж, төсөл хөтөлбөр, газар олголт, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх боломжийн талаар төрийн байгууллагууд мэдээллээ өгч, газар дээр нь бүртгэлжүүлэхээс гадна Хэнтий аймагт хийгдэж байгаа брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа явагдана.
Эзэн Чингис хаанаас улбаатай их түүхийн өлгий, 100 жилийн түүхтэй Хан Хэнтий аймгийн нээлттэй өдөрлөгт иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.