Мэдээ мэдээлэл
МОНГОЛ БИЧГИЙН 17 ДУГААР УЛСЫН ОЛИМПИАД ХЭНТИЙ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
2023.05.06
Бид хан хэнтийнхэн
Үйл явдлын мэдээ
Хан Хэнтий уулын аймаг үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ой, Алтан гадас одонт Хэрлэн лаборатори нэгдүгээр сургуулийн 100 жилийн ойг угтан улс, бүсийн чанартай уралдаан тэмцээнүүдийг орон нутагтаа зохион байгуулсаар байгаа билээ. Энэ удаа тус сургууль нь 100 жилийн ойгоо тохиолдуулан Монгол бичгийн 17 дугаар улсын олимпиадыг Хэнтий аймагтаа зохион байгуулах санал хүсэлтийг монголын бичгийн сургалт судалгааны "Ертөнц төв"-д илэрхийлсний дагуу аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол, шинжлэх ухааны газар хамтран ийнхүү энэ сарын 6, 7-нд тус сургууль дээр зохион байгуулж байна. Олимпиадын нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн, Шинжлэх ухааны доктор, профессор Ардын багш Ц.Өнөрбаян, “Ертөнц” төвийн тэргүүн, МУБИС-ийн Монгол судлалын сургуулийн багш, доктор, профессор Ү.Ариунболд, БШУГ-ын дарга С.Мөнхцэцэг, АЗДТГ-ын НБХ-ын дарга Д.Өнөрцэцэг тэргүүтэй удирдлага мэргэжилтэн, багш, сурагчид оролцлоо. Олимпиадыг нээж аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, Лаборатори нэгдүгээр сургуулийн захирал Г.Өнөртуяа нар үг хэлсэн юм.
Монгол бичгийн улсын олимпиадыг орон нутагт хоёр дахь удаа зохион байгуулж байгаагаараа онцлог бөгөөд аймаг, дүүргийн тэмцээнд шалгарсан 23 багш, 20 сурагч энэхүү олимпиадад оролцож байна.