АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ “ШИЛДЭГ СУВИЛАГЧ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН” ЗАРЛАГДЛАА

2023.04.27
Бид хан хэнтийнхэн Аймгийн Засаг даргын Тамгын газар
Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газраас аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран 18 сум, таван тосгон, Нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн дөрвөн төв, Уламжлалт анагаах ухааны Нэгдсэн эмнэлэг зэрэг эрүүл мэндийн нийт байгууллагад ажиллаж байгаа сувилагчдын дунд Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг даргын нэрэмжит ШИЛДЭГ СУВИЛАГЧ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН
Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газраас аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран 18 сум, таван тосгон, Нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн дөрвөн төв, Уламжлалт анагаах ухааны Нэгдсэн эмнэлэг зэрэг эрүүл мэндийн нийт байгууллагад ажиллаж байгаа сувилагчдын дунд Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг даргын нэрэмжит ШИЛДЭГ СУВИЛАГЧ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН зарлаж байна.
Уралдаан нь нийт гурван үе шаттайгаар явагдах бөгөөд шилдгийн шилдэг гурван оролцогч, шилдэг 17 оролцогч нийт 20 сувилагчийг шалгаруулна.
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
1.Тухайн байгууллагын үндсэн орон тооны албан хаагч байна.
2. Мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хугацаа хүчинтэй байх, сувилах эрхийн зөвшөөрөлтэй сувилагч байх
3. Кредит багц цагийн бүрдэлт хангасан байх
4. Мэргэжлийн алдаа зөрчил гаргаагүй байх
5. Тухайн жилдээ эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, харилцаа хандлагын зөрчилгүй гаргаагүй байх
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
Уралдаанд оролцогчид дараах материалыг бүрдүүлэн Эрүүл мэндийн газрын Ахмад настан, сувилахуйн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн О.Буянхүүд ERP E-mongolia системээр ирүүлнэ.
Үүнд:
1. Үндсэн орон тооны албан хаагч гэдгийг тодорхойлсон байгууллагын албан бичиг
2. Эцэслэн шийдвэрлэгдсэн асуудлаар ямар нэгэн мэргэжлийн болон ёс зүйн алдаа гаргаагүйг нотлох байгууллагын тодорхойлолт.
3. Лицензийн хуулбар
4. Сувилахуйн тусламж үйлчилгээний чиглэлээр багц цагийн сургалтад хамрагдсаныг нотлох бичиг, баримт
5. Ёс зүйн сургалтад хамрагдсан баримт
6. Сувилахуйн 5 шатлалыг стандартын дагуу хөтөлсөн баримт, бодит үр дүнг гарсан жишээг баримтжуулан ирүүлэх
7. Үйлчлүүлэгчид сувилахуйн оношийг үндэслэн зөвлөгөөг өгч ажилласан тайлан. Тайланд өгсөн зөвлөгөөнүүдийн агуулга, гарсан бодит үр дүн, өөрчлөлт болон холбогдох зургийг хавсаргасан байна.
8. Иргэдэд сувилахуйн асаргаа сувилгааны чиглэлээр эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагааг зохион байгуулсан тайлан, зураг, видео бичлэг, ашигласан хэрэглэгдэхүүн болон холбогдох материалуудыг эх хувиар хавсаргах
9. 2-оос доошгүй шинэ санаа, оновчтой бүтээлийг нэвтрүүлж хэрэгжүүлснийг нотлох баримт
НЭГДҮГЭЭР ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТ:
2023 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрөөс ирэх тавдугаар сарын 09-нийг хүртэлх хугацаанд уралдаанд оролцогчдоос материал хүлээн авч, аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг материалтай танилцан, 100 хүртэлх хувиар үнэлж 85-аас доошгүй үнэлэгдсэн сувилагч нарыг шалгаруулна. Ингэхдээ нэгдүгээр шатны уралдаан оролцогчид шалгаруулалт зарласан өдрөөс хойш 14 хоногийн хугацаанд дараах ажлыг хэрэгжүүлсэн байна.
1. Сувилахуйн 5 шатлалыг стандартын дагуу хэрэгжүүлэн, бодит үр дүн гаргасан байх
2. Үйлчлүүлэгчид сувилахуйн оношийг үндэслэн зөвлөгөө өгч ажилласан байдал
3. Иргэдэд сувилахуйн асаргаа сувилгааны чиглэлээр эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагааг зохион байгуулах
4. Шинэ санаа, оновчтой бүтээл нэвтрүүлсэн байх
ХОЁРДУГААР ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТ:
Нэгдүгээр шатанд тэнцсэн оролцогчдын ажилласан байдлыг ажлын тав хоногийн хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, АЗДТГ болон ЭМГ-ын албан ёсны цахим хуудсаар олон нийтэд нээлттэй, ил тод байдлаар хүргэн, иргэдэд танилцуулж хамгийн өндөр санал, хандалт авсан эхний таван оролцогчид нэгдүгээр шатны үнэлгээнд нэмэлт оноо өгнө.
Ингэхдээ сувилагчид өөрсдөө олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулах мэдээлэл, бичлэгийг бэлтгэн Эрүүл мэндийн газарт хүргүүлнэ.
Шалгарсан сувилагч нарт 3 дахь шатны сонгон шалгаруулалтад оролцох “ЭРХИЙН БИЧИГ”-ийг Олон улсын сувилагч нарын баярын өдөр буюу тавдугаар сарын 12-нд баярын үйл ажиллагааны үеэр гардуулна.
ГУРАВДУГААР ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТ:
Сувилахуйн тусламж үйлчилгээний “MNS 4621:2008” түгээмэл үйлдлийн стандартыг технологийн дагуу гүйцэтгэх ур чадварын тэмцээн зохион байгуулж, шилдэг 20 оролцогчыг шалгаруулна.
- Шүүгчдийн бүрэлдэхүүнд Сувилахуйн сургууль, нийгэмлэг болон ТББ-ын төлөөллийг оролцуулна.
Ирэх тавдугаар сард багтаан эхний гурван шатны шалгаруулалтын дүнг нэгтгэн аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар танилцуулж, шагнал олгох шийдвэр гаргана.
ШАГНАЛ УРАМШУУЛАЛ:
Сувилагч нарын нийгмийн баталгааг хангахад зориулж шалгаруулалтын үе шатуудад хамгийн өндөр хувьтай үнэлэгдсэн нэг сувилагчид 25 сая төгрөг, дэд байр эзэлсэн нэг сувилагчид 10 сая төгрөг, 3 дугаар байр эзэлсэн нэг сувилагчид 5 сая төгрөгийн мөнгөн дэмжлэгийг тус тус үзүүлнэ.
Гуравдугаар шатны шалгаруулалтад тэнцсэн ч шагналт байр эзлээгүй 17 сувилагчид 500 мянган төгрөгийн урамшуулал тус тус олгоно.