БОР-ӨНДӨР СУМАНД 66,8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТӨСӨВТ ӨРТӨГ БҮХИЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

2023.04.07
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав Бор-Өндөр суманд ажиллах үеэр тус суман дээр хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлуудтай танилцаж гүйцэтгэгч компанийн удирдлагууд, аймгийн ГХБХБГ-ынхантай хамтарсан хурал хийлээ.
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав Бор-Өндөр суманд ажиллах үеэр тус суман дээр хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлуудтай танилцаж гүйцэтгэгч компанийн удирдлагууд, аймгийн ГХБХБГ-ынхантай хамтарсан хурал хийлээ.
Тус суманд улсын төсвийн 66,8 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий, энэ онд 16,8 тэрбум төгрөгийн санхүүжилттэй сумын төвийн төвлөрсөн дулаан хангамж, цэвэр ус, ариутгах татуургын шугам сүлжээний их засвар, 200 ортой цэцэрлэгийн барилга, Нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилга зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгдэнэ.
Тодруулбал 10 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтээр КОМПОРТ ИМПЭКС ХХК сумын төвийн төвлөрсөн дулаан хангамж, цэвэр ус, ариутгах татуургын шугам сүлжээний их засварын ажлыг гүйцэтгэж байна. Ажлын нийт гүйцэтгэл 35 хувьтай энэ оны 9 сарын 30-нд хүлээлгэн өгөх гэрээтэй. Эдгээр шугам сүлжээг сүүлийн 30 жилийн турш огт шинэчлээгүй байсан бол одоо Бор-Өндөр сумын нийт ус, дулаан хангамжийн шугам сүлжээний 90 хувийг шинэчлэх юм. Ингэснээр дулааны шугамын хүчин чадал нэмэгдэж, хэрэглээний халуун устай болно. Цэвэр усны найдвартай эх үүсвэрээр хангагдах чухал ач холбогдолтой ажил болно. Ажлын төлөвлөгөөнд лоткины тагны 30 орчим хувийг солихоор тусгасан байсан боловч ажлын явцад 100 хувь буюу урьдчилсан тооцоогоор 4,3 км лотки солих шаардлага гарсан байна. Иймд ирэх 7 хоног аймгийн Засаг дарга, гүйцэтгэгч компанийн төлөөллүүд, Барилга хөгжлийн төвтэй цахимаар хуралдаж, асуудлыг ярилцахаар шийдвэрлэлээ.
Харин 200 ортой цэцэрлэгийн барилгыг "Тэргүүн констракшн" ХХК өнгөрсөн жилээс эхлүүлж, суурийн ажил 18 хувьтай байна. Энэ онд багтааж дуусгана гэдгээ гүйцэтгэгч компанийн зүгээс танилцуулсан бол хяналт тавьж байгаа ГХБХБГ-аас тус компанийг хариуцлагагүй ажиллаж байна гэж шүүмжиллээ. Учир нь өнгөрсөн жил суурийн ажилд зөрчил гаргасан тул буулгуулж, дахин эхлүүлсэн. Энэ удаад ахиад 6 багана зөрчилтэй байна. Иймд мэргэжлийн инженер ажиллуулах шаардлагатайг анхаарууллаа.
Мөн 5,9 тэрбум төгрөгийн санхүүжилттэй Нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилгын ажлыг “Их наяд хөгжил” ХХК гүйцэтгэхээр шалгарч бэлтгэл ажлаа хангаж байна.