Мэдээ мэдээлэл
БОР-ӨНДӨР СУМЫН СУРГУУЛИЙН ХЭВ ШИНЖИЙГ ӨӨРЧЛӨХ АСУУДЛААР БАГШ АЖИЛТНУУДЫН САНАЛЫГ СОНСОЖ БАЙНА
2023.04.06
Бид хан хэнтийнхэн
Үйл явдлын мэдээ
Сумдын мэдээ
Аймгийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн 2022 оны хурлаар зарим сургуулийн хэв шинжийг өөрчлөх асуудлаар хэлэлцэж Бор-Өндөр сумын сургуулийг бага, дунд ахлах гэж хоёр тусдаа сургууль болгон өөрчлөх шийдвэр гаргасан.
Ингэхдээ БШУГ-аас хийгдсэн судалгааг үндэслэсэн юм. Тус судалгаанд Бор-Өндөр сумын бага сургууль болгох санал асуулгыг иргэдийн дунд явуулахд 86 хүн оролцож 96 хувь нь дэмжсэн байна. Уг сургууль нь хичээлийн 3 байр, 1 дотуур байртай, 2181 сурагчтай. Энэхүү том байгууламж, хамт олонд 1 захирал хүрч ажиллахад ажлын бүтээмж тааруугаас гадна сургалтын чанар жил ирэх бүр буурч байгаа нь гол шалтгаан болжээ. Тухайлбал ЕБС-ийн байгууллагын үнэлгээгээр Хэнтий аймгийн 25 сургуулиас 20-т, улсын хэмжээнд 561-т эрэмбэлэгдсэн байна.
Хэв шинжийг өөрчлөх асуудлаар зарим багш, ажилчдаас гомдол ирсэн тул бодит байдалтай биечлэн танилцахаар аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, БШУГ-ын дарга С.Мөнхцэцэг нар Бор-Өндөр сумын багш ажилтнуудтай уулзаж санал хүсэлтийг нь сонслоо.
Бага ангийн багш, ажилчдын 30 орчим төлөөлөл уулзалтад оролцож үзэл бодол, санал хүсэлтээ илэрхийллээ. 600 хүүхдийн суудалтай бага сургуулийн байранд нийтдээ 1017 хүүхэд суралцаж байна. Сургалтын анги, танхим, заалыг засвар хийх зайлшгүй шаардлагатай боловч хичээлийн гурван байр, 1 дотуур байрны засварт 4 сая төгрөг төсөвлөгдсөн нь хангалтгүй талаар сургуулийн удирдлага ярив.
Сургуулийн байр хоорондоо зайтай тул багш нар хичээлдээ хоцрох мөн мэргэжлийн багш нарын хүрэлцээ муу, батлагдсан төсвийг дөрвөн сургуульд хуваарилах нь үйл ажиллагаандаа хүрэлцдэггүй зэрэг асуудлууд байна. Тиймээс шинэ сургууль байгуулагдсанаар тусдаа төсөвтэй болж засвар, тохижилтдоо анхаарах, хүний нөөцөө нэмэгдүүлж, мэргэжлийн багш нараар хангагдах зэрэг боломж бүрдэнэ. Ингэснээр сургалтын чанарт сайнаар нөлөөлөх тул сургуулийг хоёр хуваахыг багш, ажилчид дэмжиж байсан бол зарим нь олон жилийн турш болоод явсан энэ хэв шинжийг өөрчлөхийг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.
Зарим багш нарын хувьд бага, дунд ахлах гэж хуваалгүй 2 сургууль болгох, эсхүл бага, дунд, ахлах гэсэн 3 бие даасан сургууль болгох зэрэг саналууд ч гарч байсан юм. Гэхдээ одоогийн нөхцөл байдалд мэргэжлийн багш нар хангалтгүй, нэг багш 40 цагаас дээш цаг хичээл зааж байгаа зэрэг шалтгаанаар шинэ сургууль байгуулах нөхцөл бүрдээгүй байгаа юм.
Харин алсдаа бага сургууль нь нэмж дунд ангийн бүлэг авах, дунд сургууль нь бага ангийн бүлэг авах гэх мэтээр аажмаар бие даасан бүрэн дунд сургууль болох боломж бий талаар ярилцлаа.
Тус сургуулийг бага, дунд-ахлах болгон хуваахад сурагчдын хувьд сөрөг зүйлүүд байхгүй, харин ч сурлагын чанарт сайнаар нөлөөлнө гэдэгт дийлэнх нь санал нэгдсэн юм.