БОР-ӨНДӨР СУМЫН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2023.04.05
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав Бор-Өндөр сумын Онцгой байдлын хэлтсийн хамт олонтой уулзаж, үйл ажиллагаатай нь танилцлаа.
Тус байгууллага нь Цагдаагийн газрын мэдлийн байранд үйл ажиллагаа явуулдаг. Барилгын хувьд засвар хийснээс хойш 14 жил өнгөрсөн бөгөөд хана, таазанд цууралт үүссэн тул МХГ-аас хоёр ч удаа үйл ажиллагааг нь зогсоох албан шаардлага хүргүүлж байсан юм.
Мөн өөрийн гэсэн гараашгүй, Цагдаагийн хэлтэстэй нэг гараашинд автомашин, тоног төхөөрөмжөө байрлуулдаг нь үйл ажиллагаагаа хэвийн явуулах, гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдлыг хангахад хүндрэлтэй байдал үүсээд байна.
Тиймээс гал унтраах депо барих зайлшгүй шаардлагатай байгааг танилцууллаа.
Аймгийн Засаг даргын зүгээс бодит байдалтай нь биечлэн танилцахад шинэ депо барих зайлшгүй шаардлага бий гэж үзэв. Гэсэн хэдий ч томоохон бүтээн байгуулалт хөрөнгийн асуудал улсын төсвөөр шийдэгдэх тул саналаа хүргүүлнэ гэдгээ мэдэгдлээ.
Мөн Гал унтраах техникийн олон төрөлт спортын 2023 оны зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг орон нутагтаа зохион байгуулахаар төлөвлөж, санхүүгийн асуудлууд тулгарсан байна. Тиймээс бүсийн хэмжээний уралдаан тэмцээн тул аймгийн Засаг дарга дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн юм.