КАЗАХ ТҮМНИЙ ТӨЛӨӨЛӨЛ Н.ТОТГУС ГУАЙД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ ГАРЫН БЭЛЭГ БАРИЛАА

2023.03.23
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Казах түмний баяр Наурыз тохиож байна. Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав Хэрлэн сумын V багт оршин суугаа Н.Тотгус гуайн гэрт зочлон хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардууллаа. Биднийг зочлохоор очиход дастархан буюу дэлгэсэн ширээн дээрээ долоогоос доошгүй нэр төрлийн элбэг дэлбэг идээ унд дэлгэн найрсгаар хүлээн авч хамгийн хүндтэй зочиндоо өргөн барьдаг сүүжний махаар дайлсан юм
Казах түмний баяр Наурыз тохиож байна. Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав Хэрлэн сумын V багт оршин суугаа Н.Тотгус гуайн гэрт зочлон хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардууллаа. Биднийг зочлохоор очиход дастархан буюу дэлгэсэн ширээн дээрээ долоогоос доошгүй нэр төрлийн элбэг дэлбэг идээ унд дэлгэн найрсгаар хүлээн авч хамгийн хүндтэй зочиндоо өргөн барьдаг сүүжний махаар дайлсан юм.
Н.Тотгус гуай өдгөө 86 насыг зооглож буй бөгөөд Хэнтий аймагт оршин суугаа казах иргэдээс хамгийн ахмад нь юм. Түүний төрсөн нутаг Баян-Өлгий аймгийн Алтай сум бөгөөд 1975 онд “Өндөрхааны сангийн аж ахуй”-д малчнаар ажиллахаар нөхөр найман хүүхдийн хамт Хэнтий аймагт ирсэн байна. Ингэж Хэнтий аймагт аж төрөх эхлэлээ тавьж, мал аж ахуйн салбарт 40 гаруй жил хувь нэмрээ оруулжээ. Тодруулбал, Өндөрхааны сангийн аж ахуй нь 1970 оноос нарийн ноост хонь үржүүлдэг улсын үржлийн САА болон хөгжсөн бөгөөд Н.Тотгус гуай болон түүний нөхөр Н.Кажаев нар уг үүлдрийн хонийг өсгөн үржүүлдэг байжээ.
Улмаар Н.Кажаев гуай “Аймгийн аварга малчин”-аар тодорсон байна. Тухайн үед энэхүү хүндтэй цол тэмдгийн эзэн болно гэдэг нөр их хөдөлмөрийн үр шим, үнэ цэн юм. Өдгөө тэдний үр хүүхэд Бэрх тосгон, Хэрлэн сумын нутагт мал аж ахуй эрхлэн улс орон нутагтаа хувь нэмрээ оруулсаар байна. Н.Тотгус гуайн гурав дахь охин аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, эмэгтэйчүүдийн их эмч К.Гульжаныг нутгийн ард иргэд андахгүй билээ. Эрүүл мэндийн салбарт оруулсан түүний хувь нэмрийг төр үнэлж “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнасанд Н.Тотгус гуай баяртай байгаагаа илэрхийлсэн юм.
Мөн тэрбээр энэ ташрамд Баян-Өлгий аймгийн Алтай суманд суугаа бэр эгч нар, хоёр хүүхэддээ болон Налайх дүүрэгт оршин суугаа ах, түүний үр хүүхдэд Наурызын баярын мэндийг хүргэж, эрүүл энх, сайн сайхныг хүсэн мэндчилснийг ийн уламжилж байна. Явах цаг болж Н.Тотгус гуай болон түүний хүүхдүүд аймгийн Засаг даргад зочлон ирж хүндэтгэл үзүүлсэнд нь талархаж буйгаа илэрхийлсэн юм.