ЗӨВЛӨМЖ: ХҮЧТЭЙ ЦАСАН БОЛОН ШОРООН ШУУРГА, ЦАГ АГААРЫН ОНЦ АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?

2023.03.21
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Сумдын мэдээ
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу гуравдугаар сарын 21-нд ихэнх нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, эрс хүйтэрч, хүчтэй салхи, шороон шуургатай байна. Иймд иргэд:
Цаг агаарын урьдчилан сэргийлэх болон онц аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч, бусдад дамжуулах, айл хотлоороо хамтран бэлэн байдлыг хангах
Тэнгэрийн байдал, үү, салхины чиг, мал амьтны хөдөлгөөн, араншинг шинжих гэх тэм цаг агаарыг таньж мэдэх ардын уламжлалт арга ухаанаас хүүхэд залуучуудад өвлүүлэх
Аюулт үзэгдлийн үед өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь насыг хамгаалах, аврах, анхан шатны тусламж үзүүлэх мэдлэг, дадлагатай болох
Хоол хүнс, ундны ус, түлш, анхны тусламж үзүүлэхэд шаардлагатай эм тариа, ариун цэврийн хэрэглэл, дулаан хувцас бэлтгэх, гэр мэтийн хөнгөн сууцыг хүнд зүйлээр даруулах
Гар утас, радио, телевиз, гэрэлтүүлэх хэрэгслийг цэнэглэх, бэлэн байлгах,
Иргэний чухал бичиг баримт, үнэт зүйлсээ хийсэхээс хамгаалсан найдвартай газар хадгалах, түүнийг гэр бүлийн гишүүд мэддэг байх
Хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хараа хяналтандаа байлгах, аюулгүй байдлыг нь хангах
Өвс тэжээлийн нөөцтэй байх, хашаа саравчаа дулаалах, худаг усыг хамгаалах, нөмөр нөөлөг газруудыг тогтоох, түүнийг хүн бүх мэддэг байх
Мал сүргээ хамгаалах арга хэмжээ авсан байх
Амь насны болон гэнэтийн ослын даатгалд хамрагдах
Өндөр хүчдэл, цахилгааны шугаман дор гэр, сууцаа барихгүй байх
ӨРХ ГЭРТ ЗАЙЛШГҮЙ БЭЛЭН БАЙВАЛ ЗОХИХ ЗҮЙЛС:
Ундны ус
Илчлэг хоол хүнс
Мэдээлэл холбооны хэрэгсэл /радио, гар утас/
Эмийн сан, ариун цэврийн хэрэглэл
Гэрэлтүүлэг хэрэгсэл /гар чийдэн, лаа, шүдэнз/
Дулаан хувцас, хөнжил
Түлээ түлш
Хүүхдийн тоглоом, ном
Гэр, орон байрны даруулга, татлага
Олс, төд өнгийн даавуу, утаат дохио, бэлэн мөнгө, чухал бичиг баримт, газрын зураг, гэх мэт
Хүчтэй цасан болон шороон шуурганы үеэр ямар арга хэмжээ авах вэ?
АЮУЛЫН ҮЕД:
Сэрэмжлүүлэх мэдээг байнга хүлээн авч заавар, зөвлөмжийг биелүүлэх
Гэр, орон байрнаасаа гарахгүй байх
Гал тйүмрийн аюулаас болгоомжлох, шаардлагатай тохиолдолд цахилгааныг салгах
Аль болох даарахгйү байх, илчлэг хоол унд хэрэглэх
Аян замд гарахаас зайлсхийх
Замд зайлшгүй гарах тохиолдолд техникийн бүрэн бүтэн байдал, шатахууны нөөц, явах зам харгуй, жолоочийн туршлага, ур чадвар зэргийг харгалзан үзэх
Ойр дотныхондоо мэдээлэх
Өрх гэрт гарсан хохирол болон өөрт байгаа мэдээллийг холбогдох байгууллага /эрүүл мэнд, онцгой байдал, нутгийн захиргаа/-д мэдээлэх, бусдад хүргэх
ЗӨВЛӨМЖ:
Зузаан, хүнд хувцас өмсөх нь хүйтэнд дулааныг сайн хадгалдаггүй. Зузаан хувцасласнаас хөлөрч, хөлсөндөө жиндэн улмаар жиндэх аюултай. Иймээс хүчтэй салхи шуургатай үед гадагш зайлшгүй гарах тохиолдолд дулаан, биед элбэг таардаг, хөнгөн хувцсыг давхарлаж өмсөх нь хөлрөх, даарахаас сэргийлнэ.
Гадуур хувцас нягт нэхээстэй, ус нэвтэрдэггүй, юүдэнтэй байх нь тохиромжтой.
Хүний биеийн дулаан толгойгоороо их алдагддаг тул малгай өмсөх хэрэгтэй.
Мал сүргээ хашаа хороо, нөмөр нөөлөг газарт байлгах нь зүйтэй.
ГЭР, ОРОН БАЙРНААСАА ЗАЙЛШГҮЙ ГАРАХ ТОХИОЛДОЛД
Хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан, өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээ асран хамгаалагчтай үлдээх
Төөрч, осгохоос болгоомжлох
Цас, шороо, хүйтэн агаараас хамгаалж малгай, ороолт, бээлий, нүдний шил, цув өмсөх
Хүний эрүүл мэнд, амь настай холбоотой мэдээллийг мэдээллийн хэрэгслийг ашиглан шуурхай, цаг алдалгүй холбогдох газарт мэдэгдэх
ХҮЧТЭЙ ЦАСАН БОЛОН ШОРООН ШУУРГАНЫ ДАРАА ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВАХ ВЭ?
Цаг агаарын шинэчилсэн мэдээллийг тогтмол сонсох
Гэр бүл, ойр дотны хүмүүс, ялангуяа хүүхдийн сэтгэл санааг тайван байлгах, тэдэнд туслах
Хүүхдийг аюул, ослын дараах эрэн хайх, аврах, сэргээн босгох үйл ажиллагаанд оролцуулахгүй байх