ДАРХАН СУМЫН МАЛЧИН М.ЛХАГВАСҮРЭН 36 ЖИЛИЙН ХӨДӨЛМӨРӨӨ ҮНЭЛҮҮЛЖ “УЛСЫН АВАРГА МАЛЧИН”-ААР ТОДОРЛОО

2023.02.19
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Дархан сумын Шажин багийн малчин Маналын Лхагвасүрэн XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн босгон дээр “Улсын аварга малчин”-аар тодорч, Соёлын дэд сайд М.Батбаяр аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайханаас цол тэмдэг, шагналаа гардан авлаа.
Дархан сумын Шажин багийн малчин Маналын Лхагвасүрэн XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн босгон дээр “Улсын аварга малчин”-аар тодорч, Соёлын дэд сайд М.Батбаяр аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайханаас цол тэмдэг, шагналаа гардан авлаа.
М.Лхагвасүрэн нь 1983-1986 онд хугацаат цэргийн алба хааж, 1986 оноос мал аж ахуй эрхэлж, өдгөө 36 дахь жилдээ хөдөлмөрлөж байгаа тэргүүний малчдын нэг юм. Тэрбээр мал сүргээ өсгөн, үржлийн албаар баталгаажсан 130 толгой хээлтүүлэгчээр хээлтэгч, хээлтүүлэгчийн тохироог бүрдүүлжээ. Мөн малынхаа үүлдэр угсааг сайжруулахад онцгойлон анхаарч ажиллахын зэрэгцээ мал эмнэлгийн үйлчилгээ эрхэлдэг “Мэргэн хошуу” ХХК, мал үржлийн ажил үйлчилгээ эрхэлдэг “Үржлийн шилмэл сүрэг” хоршоотой жил бүр гэрээ байгуулан ажиллаж мал сүргээ урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үзлэг ангилалт, ээмэгжүүлэлт бүртгэлжүүлэлтэнд бүрэн хамруулж хэвшин, эрүүл, таваарлаг сүрэгтэй болсон байна.
Сүүлийн гурван жилд дөрвөн өрхийг 1082 толгой малаар малжуулахын зэрэгцээ мал маллах арга ухааныг залуу малчдад зааж сурган нэг шавь малчинтай болоод буй. Мал аж ахуйн материаллаг баазаа бэхжүүлж, тохилог дулаан өвөлжөө, хаваржаагаар хангагдсан ба жилд дунджаар 5.0-9.0 тн байгалийн хадлан хураан авч, өөрийн хүч бололцоонд тулгуурлан гар тэжээл, хужир шүүг хүрэлцэхүйц хэмжээгээр бэлтгэн ажилладаг малчин юм. Түүний энэ хөдөлмөр зүтгэлийг үнэлж, 1992 онд “Аймгийн аварга малчин”, 2013 онд МҮОНРТ-ийн нэрэмжит "Алтан хурга"-ны эзэн, "Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан”, 2021 онд "Хөдөлмөрийн хүндэт медаль"-иар тус тус шагнажээ. 36 жилийн хөдөлмөөр үнэлүүлэн мянган мэргэжлийн эзэн болж яваа “Улсын аварга малчин” танд болон таны гэргий, үр хүүхдэд чин сэтгэлийн баяр хүргэе.