БАЯНМӨНХ СУМЫН МАЛЧИН С.БАТЗАЯА САР ШИНИЙН БОСГОН ДЭЭР “УЛСЫН АВАРГА МАЛЧИН”-ААР ТОДОРЧ ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА

2023.02.19
Баянмөнх сумын Дулаан багийн малчин Содномын Батзаяа XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн босгон дээр “Улсын аварга малчин”-аар тодорч, Соёлын дэд сайд М.Батбаяр, аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайханаас цол тэмдэг, шагналаа гардан авлаа.
Баянмөнх сумын Дулаан багийн малчин Содномын Батзаяа XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн босгон дээр “Улсын аварга малчин”-аар тодорч, Соёлын дэд сайд М.Батбаяр, аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайханаас цол тэмдэг, шагналаа гардан авлаа.
С.Батзаяа нь эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг бөгөөд 1994 оноос мал аж ахуйгаа эрхэлж уг салбарт 28 дахь жилдээ хөдөлмөрлөж байгаа тэргүүний малчдын нэг юм. Тэрбээр жил дараалан мал сүргээ өсгөн үржүүлж, 100 эхээс 100-122 хувиар төл бойжуулснаар 2022 оны эцэст 3330 толгой малтай болж, талынхаа үүлдэр угсааг сайжруулахад онцгойлон анхаарч ажиллахын зэрэгцээ мал эмнэлгийн “Мөнх-Ажнай” ХХК, мал үржлийн ажил үйлчилгээ эрхэлдэг “Зүүн лодой” компанитай жил бүр гэрээ байгуулан мал сүргээ урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үзлэг ангилалт, ээмэгжүүлэлт бүртгэлжүүлэлтэд бүрэн хамруулж, эрүүл, таваарлаг сүрэгтэй болсон байна. Төллөсөн эх малаа саалинд бүрэн хамруулж 69.7-73.3 мянган литр сүү сааж цагаан идээ боловсруулан зах зээлд борлуулан өрхийн орлогоо нэмэгдүүлж, сүүлийн гурван жилд зургаан өрхийг 2110 толгой малаар малжуулахын зэрэгцээ мал маллах арга ухааныг залуу малчдад зааж сурган гурван шавь малчинтай болсон байна. Түүнчлэн мал аж ахуйн материаллаг баазаа бэхжүүлж, тохилог дулаан өвөлжөө, хаваржаагаар хангагдсан ба жилд дунджаар 245-256 тн байгалийн хадлан хураан авч, өөрийн хүч бололцоонд тулгуурлан гар тэжээл, хужир шүүг хүрэлцэхүйц хэмжээгээр бэлтгэн ажилладаг малчин юм.
Түүний энэ хөдөлмөр зүтгэлийг үнэлэн 2018 онд “Аймгийн аварга малчин”, 2018 онд "Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан”, 2019 онд МҮОНРТ-ийн нэрэмжит "Алтан унага"-ны эзнээр тус тус шагнажээ. 28 жилийн хөдөлмөөр үнэлүүлэн мянган мэргэжлийн эзэн болж яваа “Улсын аварга малчин” танд болон таны гэргий, үр хүүхдэд чин сэтгэлийн баяр хүргэе.