БАЯНХУТАГ СУМЫН МАЛЧИН Ж.ЛХАГВА САР ШИНИЙН БОСГОН ДЭЭР “УЛСЫН АВАРГА МАЛЧИН”-ААР ТОДОРЧ, ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА

2023.02.17
XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн сар шинийн босгон Баянхутаг сумын Улаан-Өндөр багийн малчин Жамъяншарав овогтой Лхагва “Улсын аварга малчин”-аар тодорч, Соёлын дэд сайд М.Батбаяр, аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан цол тэмдэг, шагналыг гардуулан хүндэтгэл үзүүллээ.
XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн сар шинийн босгон Баянхутаг сумын Улаан-Өндөр багийн малчин Жамъяншарав овогтой Лхагва “Улсын аварга малчин”-аар тодорч, Соёлын дэд сайд М.Батбаяр, аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан цол тэмдэг, шагналыг гардуулан хүндэтгэл үзүүллээ.
Ж.Лхагва нь 1982-1985 онд хугацаат цэргийн алба хааж, 1985-1990 онд сумын “Тэмцэл” нэгдэлд дизельчин, тракторчин, няраваар ажиллаж байгаад 1990 оноос мал аж ахуйн салбарт 32 дахь жилдээ хөдөлмөрлөж буй тэргүүний малчдын нэг юм. Тэрбээр малынхаа үүлдэр угсааг сайжруулахад онцгойлон анхаарч ажиллахын зэрэгцээ мал эмнэлгийн үйлчилгээ эрхэлдэг “Унаган туур”, мал үржлийн ажил үйлчилгээ эрхэлдэг “Түмэнбат-Анар” компанитай жил бүр гэрээ байгуулан ажиллаж мал сүргээ урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үзлэг ангилалт, ээмэгжүүлэлт бүртгэлжүүлэлтэд бүрэн хамруулж хэвшин, эрүүл, таваарлаг сүрэгтэй болсон байна.
Төллөсөн эх малаа саалинд бүрэн хамруулж 14.7-15.8 мянган литр сүү сааж цагаан идээ боловсруулан зах зээлд борлуулан өрхийн орлогоо нэмэгдүүлж ажилласан бөгөөд сүүлийн гурван жилд таван өрхийг 435 толгой малаар малжуулахын зэрэгцээ мал маллах арга ухааныг залуу малчдад заан сургаж хоёр шавь малчинтай болсон байна. Мөн мал аж ахуйн материаллаг баазаа бэхжүүлж, тохилог дулаан өвөлжөө, хаваржаагаар хангагдсан ба жилд дунджаар 80-90 тн байгалийн хадлан хураан авч, өөрийн хүч бололцоонд тулгуурлан гар тэжээл, хужир шүүг хүрэлцэхүйц хэмжээгээр бэлтгэн ажилладаг хөдөлмөрч бүтээлч малчин юм. Түүний энэ хичээл зүтгэлийг үнэлж 2015 онд "Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан“, 2017 онд "Хөдөлмөрийн хүндэт медаль“, 2017 онд “Аймгийн аварга малчин”-аар тус тус шагнасан. Харагчин туулай жилийн сар шинийн босгон дээр ийнхүү “Улсын аварга малчин” цол тэмдгээр энгэрээ мялааж буй танд болон таны гэргий, үр хүүхдэд чин сэтгэлийн баяр хүргэе.