ЭНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ХЭРЛЭН ЛАБОРАТОРИ 1 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БҮТЦИЙГ ӨӨРЧЛӨХГҮЙ

2023.01.12
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Аймгийн Засаг даргын Тамгын газар
Хэрлэн лаборатори 1 дүгээр сургуулийн хичээлийн шинэ байр ашиглалтад орж байгаатай холбогдуулан 5 дугаар сургууль байгуулах эсэх асуудал иргэд, багш нарын дунд хүлээлт үүсгээд байна.
Хэрлэн лаборатори 1 дүгээр сургуулийн хичээлийн шинэ байр ашиглалтад орж байгаатай холбогдуулан 5 дугаар сургууль байгуулах эсэх асуудал иргэд, багш нарын дунд хүлээлт үүсгээд байна.
Энэ асуудлыг өчигдөр буюу 2022.01.09-ний өдөр БШУГ-аас аймгийн Засаг даргын удирдлагын зөвлөлд танилцуулсан юм. БШУГ-аас Хэрлэн суманд 5 дугаар сургууль байгуулах талаар 433 иргэнээс санал авахад 58,9 хувь нь дэмжсэн бол багш нарын 40.3 хувь нь зөв, 40.3 хувь нь буруу, 19.4 хувь нь мэдэхгүй гэсэн хариулт өгчээ.
Тиймээс өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, НБХ-ийн дарга Д.Өнөрцэцэг нар Хэрлэн лаборатори 1 дүгээр сургуулийн багш нартай уулзаж санал хүсэлтийг нь сонслоо.
Тус сургууль нь 140 багш ажилчидтай, 2740 хүүхэдтэй. Анги дүүргэлтийн хувьд 30-50, тэр дундаа бага ангиуд 50 хүртэлх сурагчидтай хичээллэж байна.
1 багшид ногдох хүүхдийн тоо өндөр байгаа нь сургалтын чанарт сөргөөр нөлөөлж байна гэж мэргэжлийн байгууллагаас үзэж байгаа юм.
Тиймээс багш нарын ажлын ачаалал, хүүхдүүдийн сургалтын чанарыг харгалзан үзээд 5 дугаар сургууль шинээр байгуулахаар боллоо. Гэхдээ энэ хичээлийн жилд шинэ сургууль байгуулах бэлтгэл хангагдаагүй, түүнээс гадна Хэрлэн лаборатори 1 дүгээр сургуулийн 100 жилийн ой энэ онд болох тул багш, ажилтнууд, сурагчидтайгаа хамтдаа 100 жилээ тэмдэглэх хүсэлтэй байгаа зэргийг харгалзан үзэж энэ хичээлийн жилд шинэ сургууль байгуулахгүйгээр, хуучин хэвээр нь сургалтын үйл ажиллагааг явуулахаар болсон юм. Харин шинэ хичээлийн байрандаа аль бүлгээ оруулахыг БШУГ, сургуулийн хамт олон хамтдаа ярилцаж шийдвэрлэхээр боллоо.
Ирэх хичээлийн жилээс байгуулагдах Хэрлэн сумын 5 дугаар сургуулийг урлаг спорт, зохион бүтээх чиглэлээр төрөлжсөн сургууль болгохоор төлөвлөж байгаа бөгөөд чадварлаг багш, боловсон хүчнийг татах сургалтын бааз суурийг нэмэгдүүлэх, менежментийн шинэлэг арга барилыг нэвтрүүлэхээр одооноос төлөвлөж бэлтгэлээ хангахаар боллоо.