03 АЛБАН ДААЛГАВРЫН ХЭРЭГЖИЛТ: Уламжлалт анагаах ухааны эмнэлгийг онцолж байна

2022.12.22
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан "Төрийн байгууллагын үйлчилгээг сайжруулах тухай аймгийн Засаг даргын 03 дугаар албан даалгавар"-ын хэрэгжилттэй биечлэн танилцаж буй талаар мэдээлсэн билээ.
Аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан "Төрийн байгууллагын үйлчилгээг сайжруулах тухай аймгийн Засаг даргын 03 дугаар албан даалгавар"-ын хэрэгжилттэй биечлэн танилцаж буй талаар мэдээлсэн билээ. Тодруулбал, өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 21-нд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Боловсролын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хөдөө аж ахуйн газар, Уламжлалт анагаах ухааны эмнэлэг, Стандарт хэмжил зүйн хэлтэс зэрэг байгууллагаар биечлэн орж иргэдэд зориулсан авто зогсоол гаргасан эсэх, хог ангилан ялгах сав, угтах үйлчилгээ байгаа эсэх зэрэг иргэдэд үзүүлж буй үйлчилгээ, тав тухтай орчинг хэрхэн сайжруулсантай танилцсан юм.
Эдгээр байгууллагаас Уламжлалт анагаах ухааны эмнэлгийг онцоллоо. Тус эмнэлэг нь үйлчилгээ авч буй иргэдэд тусад нь авто зогсоол гарган тэмдэг тэмдэглэгээ хийж, хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийн өрөө тус бурд хог ангилан ялгах хогийн сав байрлуулж аюулгүй байдал, тав тухтай орчинг хангах зорилгоор орны цагаан хэрэглэлийг шинэчлэн эмчлүүлэгчийн нэгэн жигд хувцас олгож эмчилгээний багц гарган ажиллаж байна. Мөн бумба тавиулах өвчтөн тус бүрийн бумбыг тус тусад нь сагсанд хийж ангилжээ. Түүнчлэн гал тогоогоо шим тэжээлийн тасаг болгон өөрчилж, иргэдэд хоол хүнсээрээ дамжуулан эрүүл байх арга ухааныг сургахаас гадна сэтгэл заслын хөгжимт эмчилгээг нэвтрүүлсэн байна. Мөн байгууллагын өнгө үзэмж стандартыг хангах үүднээс хамт олон, эрхэм зорилго, эмчилгээ багц зэрэг мэдээллийг лед дэлгэцээр танилцуулан, хаалганы орох хэсэгт нэг удаагийн улавч байрлуулж, хэвтэн эмчлүүлэх VIP болон энгийн өрөө, ажилтнуудынхаа хүүхдүүдэд зориулсан өдөр өнжүүлэх өрөө гарган тохижуулжээ. Мөн тус эмнэлэг нь ажилтнуудынхаа цалинг 40 хүртэлх хувиар нэмэгдүүлж, хэвтэн эмчлүүлэх орны тоог 6, тусламж үйлчилгээг хоёр төрлөөр нэмж орон нутгийн анхан шатны эрүүл мэндийн 21 байгууллагын эмч, мэргэжилтний 66.6 хувийг анагаах ухааны сургагч багшаар бэлтгэж, эмгүйгээр эмчлэх уламжлалт аргыг аймгийн хэмжээнд түгээн дэлгэрүүлж байна.