АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ОХУ-ЫН ӨВӨРБАЙГАЛИЙН ХЯЗГААРЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2022.12.07
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын төлөөлөгчид энэ сарын 5-9-ны өдрүүдэд Хэнтий, Дорнод аймагт айлчлал хийж байна. Төлөөлөгчдийг өнөөдөр (2022.12.07) аймгийн Засаг дарга хүлээн авч уулзлаа.
ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын төлөөлөгчид энэ сарын 5-9-ны өдрүүдэд Хэнтий, Дорнод аймагт айлчлал хийж байна. Төлөөлөгчдийг өнөөдөр (2022.12.07) аймгийн Засаг дарга хүлээн авч уулзлаа. Өвөрбайгалийн хязгаарын Засгийн газрын орлогч дарга Ц.Т.Владимировна хил залгаа аймгуудын оюутан, сурагчдыг Өвөрбайгалийн хязгаарт суралцуулах, хүмүүнлэгийн харилцаа тогтоон хамтын ажиллагаагаа сэргээх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Тэрбээр “Чита муж гадаад харилцаагаа сэргээх хүсэлтэй байгаа. Сүүлийн жилүүдэд Монгол Улсаас ирэх оюутнуудын тоо буурсан. Иймд Чойбалсан, Чингис хотын сургалтын байгууллагуудаар зочилж Өвөрбайгалийн хязгаарт Улсын төсвөөр оюутан, сурагчдад боловсрол олгох боломжийн талаар мэдээлэл өгөхөөр айлчилж байгаа юм. Соёл урлаг, анагаах ухаан, уул уурхай, багш сурган хүмүүжүүлэгч чиглэлээр 2023 оны төгсөгчдийг Эрхүүгийн Их сургуульд тэтгэлгээр, Өвөрбайгальд 120 сурагчийг төрөл бүрийн чиглэлээр суралцуулах боломжтой. Ингэхийн тулд төгсөгчдийг манайхаас хэлний бэлтгэлд хамруулж болно. Хэрэв сурагчдийг элсүүлнэ гэвэл манайхаас комисс гаргаж бүрэлдэхүүнээр нь илгээнэ. Бид хөдөө орон нутгийн хүүхүүдүүдэд, тэдний боловсролд илүү анхаарч ажиллаж байгаа. Иймд харилцан бие биедээ ашигтай байна гэдэгт итгэж байна” гэв.
Харин аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав оюутан, сурагчдыг Өвөрбайгалийн хязгаарт суралцуулах боломж нөхцөлд санал нэг, таатай байгаагаа илэрхийлэн энэ талаарх мэдээллийг зөвхөн аймгийн төвийн гэлтгүй 18 сум, 5 тосгоны хүүхэд бүрт хүргэж сэтгэл зүйн хувьд бэлтгэх хэрэгтэйг онцоллоо. Тэрбээр “Ковидын улмаас оюутан, сурагчдыг гадаад улс руу солилцоогоор илгээх хөтөлбөр арга хэмжээ зогсоод байсан. ОХУ-тай гадаад харилцаагаа сэргээн хамтран ажиллах болсонд таатай байна. Дээхэн үед манай улсын иргэдийн дийлэнх нь ОХУ-д боловсрол эзэмшдэг байлаа. Бид энэ “школ”-ийг эргэн сэргээх хэрэгтэй гэж бодож байна. Тэр дундаа уул уурхай, анагаах ухаан, боловсролын салбарт танайхтай хамтран ажиллаж боловсон хүчин бэлтгэхэд маш их боломж бий. Ялангуяа манай аймагт эмч, сувилагч мэргэжил дутагдалтай байна. Иймд орон нутагтаа хэлний бэлтгэлд суралцуулж Орост мэргэжил эзэмшүүлэх байдлаар бэлтгэж болно” гэв.