АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ХУРАЛДЛАА

2022.12.07
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Аймгийн Засаг даргын Тамгын газар
Онцгой комисс өнөөдөр (2022.12.07) цаг үеийн асуудлаар хуралдлаа. Хурлаар өвөлжилт хүндэрсэн сумдын нөхцөл байдал, “Хэнтий ус” компанийн халаалтын доголдол, Яслийн барилгын засвар зэрэг асуудлаар хэлэлцлээ.
Онцгой комисс өнөөдөр (2022.12.07) цаг үеийн асуудлаар хуралдлаа. Хурлаар өвөлжилт хүндэрсэн сумдын нөхцөл байдал, “Хэнтий ус” компанийн халаалтын доголдол, Яслийн барилгын засвар зэрэг асуудлаар хэлэлцлээ. Уг хуралд аймгийн удирдлагууд болон Онцгой байдал, Хөдөө аж ахуйн газар, “Хэнтий ус”, Ус цаг уур, орчны шинжилгээний төв зэрэг байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд оролцлоо. Харин сумдын засаг дарга нартай цахимаар хуралдсан юм.
Аймгийн хэмжээнд зургаан сум, нэг тосгон буюу Цэнхэрмандал, Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Баян-Адарга, Батширээт, Биндэр болон Гурванбаян тосгонд өвөлжилт хүндрээд байгаа юм. Тодруулбал,
- Жаргалтхаан суманд цасны зузаан 30 сантиметр, нийт нутгийн 70-80 хувь нь цасан бүрхүүлтэй, 30 өрх цасанд боогдсон байдалтай байна. Шатахууны хувьд дизель түлш 4 тонн, АИ92 автобензиний 10 хоногийн нөөцтэй байна. Өвс тэжээлийн нөөц хангалттай байгаа бөгөөд Галшар, Өмнөдэлгэр зэрэг сумдад 10 гаруй өрх оторлож байна. Тус сумын Засаг дарга Л.Цэнгэл мэдээлэл танилцуулах үеэрээ түлш шатахуун, хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ.
- Өмнөдэлгэр суманд цагаан зудтай гэх дүгнэлт гарсан бөгөөд цасны зузаан 8-17 сантиметр байна. Эмнэлгийн тусламж авах шаардлагатай болон цасанд боогдох эрсдэлтэй 55 өрх байна. Тус суманд цасанд боогдсон 15 давааг нээх шаардлагатай байгаа. Шатахууны хувьд АИ 92 автобензины 26 тонн, АИ80 автобензины 12 тоннын нөөцтэй байна. Тус сумын Засаг дарга Б.Эрдэнэбаатар цасанд боогдсон давааг нээхэд туслалцаа үзүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
- Баян-Адарга суманд цасны зузаан 10 сантиметр, хунгарласан хэсэгтээ 15-18 сантиметр байна. Салхи 13-18 м/с, шөнөдөө -34 хэм хүртэл хүйтэрч байна. Хоёр даваа хаагдсан, дизель түлшний 3 тонн, АИ92 автобензины 3 тонн, АИ80 автобензины 6 тоннын нөөцтэй байгаа бол уурын зууханд 90 тонн нүүрсний буюу 10 гаруй хоногийн нөөцтэй байна. Эрүүл мэндийн төвийн ажилчид энэ сарын 5-наас тусламж үйлчилгээ үзүүлэхээр нийт өрхүүдээр явж эхэлсэн гэв.
- Батширээт сумын Хурх багт өвөлжилт нэлээн хүндэрсэн бөгөөд цасны зузаан тус сумын хувьд хамгийн өндөр буюу 13 сантиметр зузаан байна. Хэрэв дахин цас орвол тус багийн Хурх гол даган суурьшсан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай. Эмнэлгийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай 25 өрх байна. Шатахууны хувьд дизель түлшний 3 тонн, АИ92 автобензины 400 литр нөөцтэй байна. Нүүрсний хувьд нэг сарын нөөцтэй байгаа аж. Тус сумын Засаг дарга шатахууны нөөц дуусах эрсдэлтэй байгаа тул нэмэгдүүлэх, туулах чадвар сайтай автомашины хувьд хүндрэлтэй тул шийдвэрлэж өгөхийг хүслээ.
- Биндэр суманд цасны зузаан 20-30 сантиметр, хунгарласан хэсгүүдэд 50 сантиметр байна. Уурын зуух үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа бөгөөд түлшний татан авалт хийсэн. 13 тонн хивгийг малчдад тарааж эхэлсэн бөгөөд эрсдэлийн сангийн санхүүгийн нөөц дууссан тул шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.
- Гурванбаян тосгонд цасны зузаан 22-27, хунгарласан хэсгүүдэд 40-50 сантиметр байна. Цасанд боогдсон айлуудад мориор хүнс түгээлт хийж байгаа бөгөөд шатахууны хомсдолд орсон. Онцгой нөөцийн 300 литр АИ92, нэг тонн дизель түлшний нөөцтэй байна. Онцгой байдлын газарт олон дуудлага мэдээлэл ирдэг ч туулах чадвар сайтай автомашин байхгүй, суудлын автомашинаар дуулагын дагуу очдог. Хоёр удаагийн цас орсноос хойш өнөөдрийг хүртэл 50 орчим өрхийн эд хөрөнгө, амь насыг авран хамгаалсан. Цасанд боогдсон иргэдээс гар утсаар мэдээлэл авч байгаа бөгөөд эмнэлгийн тусламж үзүүлье гэвч эмнэлгийн автомашины мост нь эвдэрсэн. Иймд Онцгой комиссоос шатахууны дэмжлэг хүсч байна хэмээн тус тосгоны захирагч хэлсэн юм.
- Цэнхэрмандал суманд нийт цасан бүрхүүлтэй цагаан зудтай гэх дүгнэлт гарсан. Цаашид өвөлжилт улам хүндрэх эрсдэлтэй. Цасны зузаан дунджаар 37 сантиметр, нүүдэл хийх боломжгүй цасанд боогдсон 15 өрх байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай нэг өрх байгаа. Сумын нутаг дэвсгэрт отор нүүдэл хийсэн 23 өрх байгаа бол бусад сумд руу буюу Жаргалтхаан, Хэрлэнбаян-Улаан тосгон, Төв аймгийн Мөнгөнморьт сум руу нийт 42 өрх отор нүүдэл хийсэн. Улаанбаатар хивэг ХХК-тай гэрээ байгуулан 30 тонн хивгийг татан авч малчдад олгож эхэлсэн. Сумынхаа бэлтгэсэн нөөцийг өвснөөс 20 тонныг малчдад тараагаад байна. 1000 боодол ногоон тэжээл байгаа, Дорнод аймгаас 2000 боодол ногоон тэжээл татахаар ажиллаж байна. “Магнай трейд” ШТС-д 7 тонн АИ92, дизель түлшний 2.3 тонн нөөцтэй, Петровис ШТС-д дизель түлшний 1.9 тонн, АИ80 автобензины 14 мянган тонн нөөцтэй байна. Цаашид цаг үеийн нөхцөл байдал хүндрэхтэй холбогдуулан малчдад өвс, тэжээл хүргэх шаардлагатай байгаа. Үүний тулд шатахууны нөөцийг нэмэгдүүлэх хүсэлтэй байна хэмээн тус сумын Засаг дарга нөхцөл байдлаа танилцууллаа.
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав “Сумдын нөхцөл байдлыг ерөнхийд нь сонслоо, Гурванбаян тосгон албан хүсэлтээ ирүүлсэн. Аймаг орон нутгийн хувьд шатахууны нөөцөд нэлээн анхаарч байгаа. Хангагч байгууллагуудад албан бичиг хүргүүлж, хойд сумдад анхаарах чиглэл өгсөн. Сумдын Эрсдэлийн сангийн нөөцийг харж үзээд аль суманд яаж нэмэр болох боломж байна вэ гэдгийг харъя. Иймд сумдын Засаг дарга нар Эрсдэлийн сангийн үлдэгдэл, зарцуулалтаа хавсарган хүсэлт шаардлагаа тооцоо судалгаа, үндэслэлтэйгээр тусган албан хүсэлт ирүүлээрэй. Удирдлагын зөвлөлийн хурлаар эдгээр асуудлыг хэлэлцэн дэмжлэг үзүүлэх бодолтой байна. Мөн өвс тэжээлийн таталтыг сайжруулж малчдад хүргэхэд бүгд анхааръя” хэмээн ярилаа.